Ким Чен Ун Хятадад гэнэтийн айлчлал хийж, Си даргатай уулзжээ
2018-05-09

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо анхны төрийн айлчлалаа хийсэн билээ.

 

 

Тэрбээр өнгөрсөн 2011 онд эцэг Ким Чен Ирийг таалал төгссний дараа Хойд Солонгосыг удирдах болсон бөгөөд саяхныг хүртэл хилийн дээс алхаагүй байсан юм.

 

Ким Чен Ун энэ сарын 7, 8-ны өдөр БНХАУ-ын Далян хотноо айлчилсан болохыг тус улсын Гадаад хэргийн яам өчигдөр мэдэгдэж, айлчлалтай холбоотой гэрэл зургийг цахим сайтдаа нийтэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Залуу удирдагч Далян хотноо хийсэн гэнэтийн айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Си Зиньпинтэй мөн уулзжээ.

 

“Хоёр улсын харилцаа улам бат болсон” хэмээн Си дарга мэдэгдэв. Си Зиньпин ирэх долоодугаар сард анх удаагаа Хойд Солонгос улсад төрийн айлчлал хийхээр болсон бөгөөд хэдийнэ хоёр улс энэхүү түүхэн айлчлалд бэлдэж эхэлсэн гэнэ. 

 

 

Ким Чен Ун өнгөрсөн гуравдугаар сард Бээжинд галт тэргээр ирсэн бол Далян хотноо хувийн онгоцоороо ирсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин