Умайн хүзүүний  хорт хавдраар жилд 160 эмэгтэй нас барж байна
2018-05-15

Монгол эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй хорт хавдрын хоёрдугаарт умайн хүзүүний хорт хавдар эрэмбэлэгдэж байна. Хорт хавдрыг бууруулахаар ажиллаж буй талууд өнөөдөр /2018.05.15/  “Монгол улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах нь" сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, Австрали улсын мэргэжлийн байгууллагууд оролцов.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Эмэгтэйчүүдэд тохиолдож буй хорт хавдрын эхэнд элэгний хорт хавдар, хоёрт умайн хүзүүний хорт хавдар эрэмбэлэгдэж байна. Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг 2012 оноос хийж, одоогийн байдлаар давхардсан тоогоор 800,000 эмэгтэй эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаад байгаа аж. Энэ хугацаанд 400 гаруй иргэний хорт хавдар оношлогдсон байна.  Нийт умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож байгаа эмэгтэйчүүдийн 50 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгааг мэргэжилтнүүд тайлбарлаж байлаа.

 

Хорт хавдрын статистик мэдээнээс харахад,  2012 онд Монгол Улсад хорт хавдрын 4466 шинэ тохиолдол, 3264 нас баралт бүртгэгдэж байсан бол 2017 онд  6073 шинэ тохиолдол, 4004 нас баралт  бүртгэгдсэн байна. Үүнээс эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хорт хавдрын дунд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл хоёрдугаар байранд орж байна.

 

Умайн хүзүүний хавдар нь хорт хавдрын өвчлөлийн 9 хувийг эзэлдэг бөгөөд жилд ойролцоогоор 400 орчим хүн умайн хүзүүний хавдараар оношлогдож, 160 эмэгтэй уг хавдрын улмаас нас барж байна.

 

Умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан нь хөхлөгт вирус аж.  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Монгол Улсад 2008 онд хүний хөхөнцөр вирусын вакциныг хийж эхэлсэн. Энэ  вакцин нь өсвөр насны охидыг үргүйдүүлдэг  гэх сөрөг сурталчилгаа явж зарим эцэг эхчүүд хүүхдээ вакцинд хамруулаагүй байдаг.  Гэтэл өнөдөр тухайн үед вакцин хийлгээд насанд хүрсэн эмэгтэйчүүд болон хийлгээгүй эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулахад үргүйдэл үүссэн асуудал гарсангүй. Харин вакцинд хамрагдаагүй эмэгтэйчүүдийн дунд хөхөнцөр вирусын хавдрын шинж тэмдгүүд нэлээд илэрсэн байна” гэв.  

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин