“Даншиг” наадмын төсвөөр сүм музейн дээврийг нөхье
2018-05-18

Жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдөр Олон Улсын музейн өдөр тохиодог. Олон улсын музейн холбооны санаачлагаар 1978 оноос тэмдэглэж эхэлсэн энэхүү өдрийг манай улс 2003 оноос  тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Нэр төдийхнөөр тэмдэглээд өнгөрөх биш энэ өдөрт, цаашлаад Монголын түүх дурсгалын үнэт өв соёл хадгалагдан буй музейн барилга байгууламжид Төр Засгаас анхаарал хандуулж засвар шинэчлэлт хийх цаг хэдийнээ  болжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Олон Улсын музейн өдрийг тохиолдуулаад Чойжин ламын сүм музейн эвдрэл, элэгдэл, өнөөгийн нөхцөл байдлыг жишээ болгоё.

 

Австрали улсын иргэн Рожер Перригийн ивээн тэтгэлэгээр эрдэмтэн, судлаачид “Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох нөлөөллийн судалгаа”-г жилийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Энэ судалгаагаар Чойжин ламын сүмийн цогцолбор барилгуудын эвдрэл гэмтлийг тодорхойлсон байна.

 

Тухайлбал өнөөдрийн байдлаар музейн бүх барилгын гадна өнгө будаг маш их гандаж муудсан, байтуу нь хагарсан, ховхорч унасан, дээврийн ус зайлуулах хоолойн зарим нь эвдэрсэн, ваарны хагалаас муудаж, зарим газраа байхгүй болсон учраас их бороотой үед Гол сүмийн саравчны залгаа хэсэг, Гол сүмийн Занхан сүмний залгаа хэсэг, Занханы баруун хойд дээвэр болон хүндэтгэлийн асар хаалганы дээврээс ус нэвтэрч дотогш хана, баганаа даган гоождог байна. Ер нь бүх барилгын өнцгийн цоколийн боржингийн хэсгээр хананд дээшээгээ 1-3 см ан цав гарч цуурсан, ялангуяа Гол сүмийн зүүн урд өнцгийн боржингийн дээд хана цуурч, хана боржингийн хооронд 3 см зай гарсан ба хоёр талын хана нь дээшээгээ баг зэргийн цууралт өгсөн. Мөн үүдний Гонхоны сийлбэртэй боржин чулуун хайсны зүүн урд талын шон нь хугарч хөдөлгөөнд орж завсар гарсныг олсоор татаж бэхэлсэн. Зарим барилгын манаас байхгүй учраас их бороотой үед ус тогтож суурь ус нэвчиж байгааг судалгаанд дурджээ. Судалгааны үр дүнд Чойжин ламын сүмийн сэргээн засварлах ажлын иж бүрэн зургийг боловсруулах шаардлагатай бөгөөд түүний дагуу автор архитекторын хяналтын дор нэр яаралтай сэргээн засварлах шаардлагатай гэж дүгнэсэн байна.

 

Чойжин ламын сүм музейн эргэн тойронд 22 барилга байгууламж байрладаг аж. Сүм музейн хойд талд хамгийн ойрхон байрлаж буй барилга байгууламж бол “Ар Монгол трэвэл” болон “Фрэш” зоогийн газар, баруун талд “Винтрак” ХХК-ийн саарал байшин, “Elegance” ресторан “The Down Town” барилга бөгөөд сүм музейн хашаанаас ойролцоогоор 2м-10м зайд байрладаг байна. Үүнээс судлаачид Чойжин ламын сүм музейд хадгалагдаж буй Монголын түүх, шашин, соёл, уран барилга, урлахуйн ухааны дахин давтагдашгүй үнэт бүтээлүүд эрсдэлтэй орчинд оршин байна гэж дүгнэжээ.

 

Сүм музейн эргэн тойронд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд нь Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор журмын дагуу өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцах үүрэгтэй. Гэвч сүм музейн эргэн тойронд нийтийн эдэлбэрт тооцогддог хог хаях цэг байхгүй учраас сүм музейн ханын ойролцоо хог хаях, овоолох, ханыг гэмтээх байдал нэлээдгүй гардаг байна.

 

Судалгаагаар Чойжин ламын сүм музейн эргэн тойрон дахь автозамын онцлогийг судалжээ. Музейн ойр орчимд “Ар Монгол трэвэл” ХХК блон “Blue Sky” зочид буудал зэрэг байгууллагын автомашины зогсоол байрладаг бөгөөд жолоочид сүмийн ханын дагуу машинаа 10 см хүрэхгүй зайтай байрлуулж байгаа нь ханыг гэмтээх, утаа тортгоор бохирдуулах, жолооч нар татсан тамхины ишээ шууд хаяснаар галын эрсдэлд оруулах зэрэг нөхцөл байдал үүссэнийг цохон тэмдэглэжээ.

 

Чойжин ламын сүм музей нь бүхэлдээ XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор бүтээл болохыг хүлээн зөвшөөрч 1994 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр батлагдсан “Түүх  соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.3-д зааснаар Монгол Улсын Засгийн газрын 1998 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 235 тогтоолоор “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл” мөн болохыг тогтоосон байна. Улмаар “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл” болох Чойжин ламын сүм музейн хашааны газар болон хашааны  тойрны 6 метр хүртэлх буюу 2 га газарт Засгийн газрын 2001 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 96 тогтоолоор хамгаалалтын бүс тогтоож хамгаалалтын бүс дэх түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг Нийслэлийн Засаг даргад даалгасан байна. Гэвч Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийн зүүн хйод талд 3м газарт нэвтэрч 100 орчим м.кв талбай бүхий хэсэгт барилга байгууламж барин, өнөөгийн “Сити центр” гэх барилга баригджээ. Өнөөгийн нэршил нь “The Down Town” гэх барилга. Иймд барилга байгууламжид үүсэх гэнэтийн галын болон бусад аюултай үзэгдэл нь сүм музейд нөлөөлөх талтай тул үүнийг анхааралдаа авч аюулгүй байдлыг өндөр төвшинд хангаж ажиллах шаардлага тулгараад байгаа аж.

 

Манай улсын музейд үнэндээ өрөвдмөөр л дөө. Оръё гэхэд зарим музей нь “Нурах аюултай” гэх бичиг наалттай, хаалттай. Байгаа хэдийгээ одоо л засаж, шинэчлэхгүй бол хосгүй үнэт бүтээлүүд сүйтэж, борооны дусаал гоожсоор хосгүй үнэт цаасан шуумал бүтээлүүд норж, ноорог цаас болох вий. Төр, Засгийн удирдлага, салбарын сайд  үүнийг анхааралдаа авмаар байна.

 

Жил бүр “Даншиг” наадам хийнэ хийхгүй хэмээн маргаж, өнгөрсөн жил хамба ламтнууд нударга зөрүүлээд ч авсан. Нанчилдан байж наадам хийхийн оронд баяр, наадамд зарцуулах мөнгөөр Чойжин ламын сүм музейн дээврийг нөхье.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бусад улстай харьцуулаааааад!!!!!!!!
2018-05-20
Зочин:
Жуулчдад үзүүлдэг Гол баялаг бахархалын нэг ярих дуртай атаархаагүй Дарга байдаг болуу!!!!!!' Ичиж үхэх дөхсөн Нь 2!!! Ичээгүй 1000! бооцоо тавих уу, ичээд ирж засах юм сан гэж ядахдаа ярьсан Дарга эм дарга 1 -2 н зэрэг байгаа гэсэн хэн бол ? Хариултаа бичээрэй эээ залуус аа! Уншсан залуу саналаа хэлэх залуу олдох болуу??????
2018-05-20
Дэмжиж байна.Найр наадам багадаагүй,хийд болгон зохих хэмжээний хандив нэмэрлэн яаралтай дээвэр,цууралтыг засч янзлан шашны түүхээ хамгаалаач...
2018-05-19
САЙХАН САНАА БАЙНА
2018-05-18
иргэн:
дэмжиж байна
2018-05-18