Улаанбаатар
Б.ЛХАГВАЖАВ: Дарга нар нь гарвал бизнесмэнүүдээ аваад гарна
5-20

Монголын эдийн засгийн форум энэ сарын 21, 22-нд “Хүчээ нэгтгэе” уриатайгаар Төрийн ордонд болох гэж байна. Монголын эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, тулгуур салбаруудын тулгамдсан асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн, судлаачид, гадаадын хөрөнгө оруулагчид болон хандивлагчид, иргэний нийгмийн төлөөлөл оролцох энэхүү арга хэмжээг найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус форумын талаар өнөөдөр Засгийн газраас мэдээлэл хийлээ.

 

 

Монголын эдийн засгийн форум-ын Ажлын хэсгийн ахлагч,  ЗГХЭГ-ын дарга,  Г.Занданшатар:  Энэ жилийн чуулганы онцлог нь улс орны өмнө тулгамдсан асуудлын гарц шийдлийг эрэлхийлэх. Улсын хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрийг танилцуулах зэрэг  ажил хэрэгч уулзалт болно.  Мөн “Монгол Улсын хөгжлийн загвар”, “Аж үйлдвэрийн IV хувьсал”, 'Төр хувийн хэвшлийн  түншлэл” нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эдийн засгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого, Монгол Улсын брендинг,  Улаанбаатар хот, мега төслүүд, тэтгэврийн шинэчлэл, баялгийн сан, хариуцлагатай манлайлал ба эргэх холбоо, дижитал шилжилт зэрэг нийт 12 салбар хуралдаан зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа хангаад байна” гэв.

 

 

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга  Б.Лхагважав: Манай танхим энэхүү форумд анхнаасаа идэвхтэй оролцож эхэлсэн. Энэ удаагийн форумд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч талаас түншлэлийг бататгахаар оролцож байна. Эдийн засаг эрчимтэй унасан. Сүүлийн нэг жилд  5.1 хувийн нэмэхтэй гарлаа. Ойрын хоёр жилд эдийн засаг 6-7 хувийн өсөлт барих юм. Тиймээс энэ үед хуримтлагдсан татварын орлого, нийтийн санхүүжилтийн ил тод байдал, авлигагүй байх талд асуудлуудыг хөндөн тавина. Мөн нийтийн сангийн мөнгөөр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтуудыг хэдийгээр Засгийн газар шийдвэр гаргаж байгаа ч бид  анхаарал хандуулна. Хэдийгээр бизнесийн орчин сэргэж байгаа ч нийт аж ахуйн нэгж  байгууллага, иргэдийн маань цуцалтгүй хөдөлмөрөөр бий болсон. Гэвч тэдэнд  Зөрчлийн хууль маш аймшигтай дарангуйллын системийг бий болгосон. Форумын үеэр төр засаг харилцан ярилцахаар орж ирж байгаа бол идэвхтэй оролцох хэрэгтэй. Дарга нар нь гараад явах юм  бол би бизнесмэнүүдээ аваад гарна. Бид Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид бэлэг тэмдэг болгох гэж суулгаагүй. Яг түүнтэй адил сайд, агентлагийн дарга нар хоёр өдрийн форумд бүтэн суухгүй бол би бизнесмэнүүдээ аваад гарна. Энэ зарчмыг анхнаасаа ярьж явж байгаа.

 

Найман жилийн өмнө улс орны эдийн засаг болон бусад асуудлаа Төрийн ордны гадна талд ярьдаг байлаа. Харин одоо Төрийн ордонд орж ярилцдаг болсон. Цаашдаа Засгийн газрын ч юм уу эсвэл нэг эрх мэдэлтний дуу хоолой болгож энэ форумыг ашиглуулахгүй. Чуулганд томилогдсон дарга, сайд нар  хуралд бүтэн суухгүй бол манай бизнесмэнчүүд бүтэн суухгүй шүү гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

 

“Монголын эдийн засгийн форум-2018”  форумыг хоёр шатлалтай зохион байгуулж буй бөгөөд өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд 'Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг” сэдвийн дор болж Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг сэдвээр амжилттай зохион байгуулагдсан юм.

 

Ш.АДЪЯАМАА

Shuud.mn
Сонин хачин
Эрдэнэ:
Хулхи урбаник
2018-05-22
mgl:
zuv zorigtoi duugarlaa amjilt
2018-05-21