Сэтгүүлчийн нүдээр Вьетнам орон
2018-05-24

           

Дэлхийд хүн амын тоогоороо 15 дугаарт жагсдаг, хувьсгалын удирдагч Ерөнхийлөгч Хо Чи Мин-ээ бишрэн хүндэлдэг, эдийн засгийн үзүүлэлтүүд нь эрчимтэй өсөн хөгжиж буй Вьетнам оронд зочилж, 10 хоногийг үдэх завшаан бидний хэдэн сэтгүүлчдэд тохиов. Таван сэтгүүлчээр багаа бүрдүүлсэн бидний нөхөд Бээжингээр дамжиж, Ханой хотыг зорихоор боллоо. Усыг нь уувал, ёсыг нь дагадаг жишгийн дагуу хилийн дээс алхахын өмнө тус улсын талаар мэдээлэл хайж, тодорхой ойлголт авлаа.

           

Манай улс Вьетнам Улстай 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцан туслалцаж иржээ. Тэртээ 1956-1990 оны хооронд манай улс Вьетнамын ард түмэнд 200 сая гаруй төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн бол Вьетнамын Засгийн газар манайд 1993 онд л гэхэд 200 мянган ам.доллар өгч байсан жишээг уншихад сонин. Улс төрийн харилцаа тогтвортой хөгжиж, өндөр, дээд түвшний айчлал, яриа хэлэлцээний давтамж хадгалагдаж ирсэн гэх албаны мэдээллээс гадна аялахад тохиромжтой улсын тоонд зүй ёсоор ордог, хямд өртөг, үзэсгэлэнтэй байгаль, найрсаг ард түмэн биднийг хүлээж байгааг мэдэж авлаа. Сэтгүүлч мэргэжлийн үр шимээр гарын арван хуруунд багтахаар улс оронд очиж, соёл уламжлалтай нь танилцсан хэдий ч Вьетнам улс миний хувьд анхны социалист улс байснаараа онцлог байсан юм. Даяарчлагдаж буй өнөөгийн нийгэмд социалист улсын хөгжил, дэвшлийг харж мэдрэх 10 хоног...

 

           

Тэд хурдацтай хөгжиж байна. “Вьетнамын Коммунист нам” гэсэн ганц намын тогтолцоотой энэ улс 1986 оноос эхлэн “Дой мой” буюу өөрчлөлт шинэчлэлтийн бодлого баримталснаар хурдацтай хөгжиж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг, олон улсад үүд хаалгаа нээсэн улс орон болж чаджээ. Вьетнам улсын гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 2017 онд /эхний 10 сарын байдлаар/ 28 тэрбум ам.доллар гэсэн жагсаал тэндхийн сонинд нийтлэгджээ. Вьетнамруу хэдэн зуун улс хөрөнгө оруулсныг жагсаалтаас харж болно. Саяхан буюу 1979 онд дайн дажин, үймээн самуунаас салж, энх цагтай золгосон гэх. 40 хүрэхгүй жилийн хугацаанд сэвхийтэл босч ирсэн нууц нь гадаадын хөрөнгө оруулалт гэж энд хийхэн дуу нэгтэй хэлж байна. 1986 онд хөрөнгө оруулалтын тухай хууль баталснаар өдгөө инноваци хөгжүүлэх хэмжээнд иржээ. Тэд хэдийнээ инновацийн хувьсгалд бэлдээд эхэлснийг хөтөч бидэнд дуулгав. Вьетнамчууд ажилсаг ард түмэн. Тэд тасралтгүй хөдөлмөрлөж, бэлэн хувцас, гутал, далайн бүтээгдэхүүн, түүхий газрын тос, цахилгаан бараа, модон бүтээгдэхүүн, цагаан будаа, автомашины тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл зэргийг эскпортлож байна. Вьетнам цагаан будааны экспортоороо Энэтхэг, кофегоороо Бразилийн дараа дэлхийд хоёрдугаарт орно. Үүнээс гадна усан онгоц, хөдөөажахуйнмашинтехник зэрэг зургаан үйлдвэрлэл нийт аж ахуй үйлдвэрлэлийн салбарын 35 хувьд хүрч эдийн засгийн хөгжилд 2020 оноос ихээхэн хувь нэмэр оруулах тооцоотой ажиллаж хөдөлмөрлөж байна.

 

           

 

Вьетнам бол аялал жуулчлалын эх орон. Жилд 8-10 саяжуулчин хүлээн авдгаараа бүс нутагтаа Тайландын дараа хоёрт орно. Ийм хэмжээнд хүрэхийн тулд Вьетнамын засгийн газар дэд бүтэцдээ анхаарч, иргэдээсээ инээмсэглэж сурахыг “шаарджээ”. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд инээмсэглэл чухал болохыг тэд аль хэдийн анзаарсан талаар мөн л хөтөч бидэнд тайлбарлав. Тиймээс тэд зочиддоо найрсаг хандаж, инээмсэглэлээр үддэг.Вьетнамын газар нутгийн 23 хувь нь газар тариалангийн бүс нутаг бөгөөд хөдөө аж ахуйн орон байсан гэдгээрээ харьцангуй хожуу үйлдвэржжээ. Энэ нь тэдэнд байгалиа унаган төрхөөр нь хадгалан авч үлдэх боломж олгосон бөгөөд гайхамшигтай сайхан  байгаль  нүдний өмнө хараа булаах нь сэтгэл алдуулам. Вьетнам гадаадын хөрөнгө оруулалтыг сайн татаж чаддаг шигээ, жуулчдыг ч мөн адил соронзон мэт татах олон газруудтай.

           

Манай багийнхан Вьетнамын хамгийн том хоёр хот болох Ханой, Хочимин-д (хуучнаар Сайгон) зочилж, үзэж харсан зүйлээр баялаг, эргэн дурсахад дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрөөсөн. Хочимин хотын Củ Chi дүүргийн газар доорх хонгилуудыг холбосон асар том сүлжээ. Вьетнамын дайн эхлэх үеэс барьж, дайны сүүлийн он жилүүдэд 1959-1975 оны дайны он жилүүдэд цэргийн кампанит үйл ажиллагааны суурь байсан гэх энэ газрыг тэр чигээр нь хадгалж музей болгож. Тус улсыг зорин очсон жуулчдын заавал үзэх ёстой газар гэхэд нэг их зөрөхгүй болов уу. Санаанд оромгүй, сайн хараад ч анзаарахааргүй газруудад газар доорхи хонгилууд байрлах аж. Зөвхөн Вьетнам хүн л багтах хэмжээгээр нуувч нүхнүүдийг ухсан гэж тайлбарлагч нь бахархана. Тиймээс ч дайны он жилүүдэд энэ нүх үүргээ сайн гүйцэтгэж чаджээ. Тайлбарлагчийн хэлснээр гаргасан жимээр л явахгүй бол хуучны тэсрэх бөмбөгнүүд одоо ч талбайн хаа нэгтээ байж мэднэ шүү гэж анхааруулсан нь аялалыг илүү сүрдэм болгов. Бас дайснаа дарах зорилгоор бүтээгдсэн урхинууд нь харахад зэрлэг мэт боловч дайны үед ийм зүйл байлгүй яахав гэж бодогдоно. Жинхэнэ буугаар буудаж үзэхийг хүсвэл 5 ширхэг сум худалдаж аваад Вьетнам Америкийн дайны үед очих боломж тэнд байна билээ.

 

           

 

Вьетнамыг завины аялалгүйгээр төсөөлөхгүй. Аялал жуулчлалын онцгой бүс, ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, том жижиг 1969 ширхэг хадан цохио бүхий арлуудаас бүрддэг, байгалийн төгс үзэсгэлэн цогцолсон Халонг буланд очоод өөрийн эрхгүй тайвшрал, амар амгаланг мэдэрнэ. Завин аялал нийт 4 цаг үргэлжлэх бөгөөд өөрт төрсөн тэрхүү мэдрэмжийг танд ямар үгээр тайлбарлаж хэлэхээ мэдэхгүй сууна. Халонг гэх үг нь “Луу далайд бууж заларсан газар” гэж орчуулагддаг  гэж хөтөч хэлэхэд үлгэрт гардаг тэр амьтан хэрэв байдаг бол энэ газарт л буух нь гарцаагүй гэсэн сэтгэгдэл надад л лав үлдсэн юмдаг. Биднийг очсон өдөр үүлэрхэг, шиврээ бороотой байсан нь их уулсын дунд илүү ч тохиромжтой болгож өглөө. Усан дээгүүрх аялалмаань том том хадан доогуур, агуй дотор усан замаар үргэлжиллээ. Далайд гарцгүй бидний хувьд цоо шинэ ертөнц энэ байлаа. Бүхэлдээ таалагдсан, нэг ч хором уйдаж залхсангүй. Хэрэв та Халонг буланг зорин завины аялал сонирхохоор болвол өндөр уулс дунд таны яриа хэрхэн цууриатахыг шалгаад нэг үзээрэй. Жинхэнэ кайф. Үнийн талаар нэг хүний хорин мянган төгрөг буюу 200.000 донг.

 

     
      

 

Уулын буддын сүмүүдийн цогцолбор газар болох Ba Dinh бидний дараагийн очсон бас гайхаж биширсэн газар байлаа. Манайхаар бол Гандантэгчинлэн хийд л гэсэн үг. Гэхдээ харьцуулашгүй том, бүхэл бүтэн хорооллын хэмжээтэйгээр Буддагийн сүм дуган, суварга барьжээ. Сүрдмээр бүтээн байгуулалт аж. Амьдралдаа орж үзсэн хамгийн том сүм дуган байсны дээр нэг бүрчлэн хийцийг нь нарийвчлан үзэх, бүх дуганаар нь ороод гарахад бүтэн өндөр хангалтгүй байлаа. Бидний аялал үд дунд эхэлж, нар жаргахтай зэрэгцэн дуусав. Тэнд анир чимээгүй, тайван амгалан байсан. Энэ газрыг Вьетнамд Буддист сүм хийдүүдийн хамгийн том цогцолбор гэж үздэг бөгөөд 2003 оноос эхлэн хэд хэдэн үе шатанд барьж  2010 онд дуусгажээ.  Энд ирснээр та Вьетнамчууд шашинаа хэрхэн сүсэглэж, соёлоо хэрхэн авч үлдэж, түүнийгээ аялал жуулчлалтай ямар гайхалтай холбосныг харах болно. Биширмээр. Ер нь Вьетнамд шашин шүтлэг ихтэй учраас сүм дуган олон байдаг юм билээ.        

 

           

 

Үүлс хөлөглөн явж үзмээр байна уу. Тэгвэл бороотой, үүлтэй өдрийг сонгон“SapaFansipan Cable Car”-т суугаарай гэж зөвлөе. 2016 оны хоёрдугаар сард ашиглалтанд орсон энэхүү агаарын үйлчилгээ Гиннесийн номонд хоёр дээд амжилтаар бүртгэгджээ. Дэлхийн хамгийн урт кабл кар энэхүү зам дотоод,  гадаадын жуулчдыг хүлээн авч, далайн түвшнөөс дээш 3000 метрийн өндөрт хүргэнэ. Дэлхий дээр хийгдсэн хамгийн сүүлийн үеийн татлагаар явдаг бүхээгийн үйлчилгээ гэхэд болно. Та Вьетнамын мөнгөөр зургаан зуун мянга манайхаар бол 60 мянган төгрөгөөр нэг тасалбар худалдан авна. Заавал бүр зайлшгүй үзэх ёстой газрын нэг. Уулан дээр гарсан хойноо дээд зэрэглэлийн кофе шоп, сувинерийн дэлгүүрүүд, бурханы хөшөө гээд олон үзвэр, үйлчилгээ хүлээж байна. Манайхаар бол “Зайсан толгой” юм даа. Гэхдээ жуулчид болон амрагчдын хэрэгцээг бүрэн хангаж, тэдэнд худалдан авалт хийх бүхий л бололцоог хангасан дэлгүүрүүд тэнд бий.

 

           

 

Монголчууд бид хүндэт зочиндоо хонины хорхог, ямаа болон тарваганы хорхог, боодгоо өргөн баридаг. Тэгвэл Вьетнамчуудын хүндэтгэлийн зоог нь могойн мах, могойн шорлог, могойтой архи. Үнэтэй, тансаг зэрэглэлдээ тооцогдох энэ зоогонд өөрсдөө ч байнга ороод байж чаддаггүй гэж хөтөч маань тайлбарлав. Эхлээд бид могойн фермээр зочлов. Зуун зуун могойтой үүрнүүдээс хортой хоргүй, ууртай уургүй, хатгадаг хатгадаггүй янз бүрийн могойг гаргаж ирж үзүүлэх юм. Заримыг нь бүр барьж, биеэрээ явуулах боломж бий. Хэрвээ тань зориг хүрвэл шүү дээ.Харин дараа нь зөвхөн могойн махаар хоол бэлтгэдэг ресторанд оруулж нүдэн дээр могойгоор хэрхэн хоол хийхийг үзүүлэв. Түүнийгээ янз бүрээр болгож, чанаж шараад ширээг дүүргэчих юм билээ. Нэг удаа идээд үзчихэд зүгээр шүү.

 

           

 

10 хоногийн хугацаанд үзэж харсан зүйлс бага биш ч цаана нь очиж амжаагүй, үзэхийг хүссэн газар зөндөө байлаа. Гэвч, ахиад очихдоо гүйцээж үзнэ дээ гэсэн бодол багийн гишүүдэд үлдэв.Зарим нэг маань дараагийн удаа найз нөхдийн хамтаар ирэхдээ аялах маршрутаа гаргаж, төлөвлөгөө боловсруулаад нутгийн зүг мордсон билээ. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс аялаж амрахад тохиромжтой, заавал үзэх л ёстой улс орон байлаа.

 

Б.Ялалт

Shuud.mn
Сонин хачин
Болд:
МАН тэгээд мандуулаад байгаа нь хаана байгаа урагшгүй ноёнд ухаангүй албад гэгч л болж байга
2022-08-13
АНы хэдэн болвануудыг дагаж намирч ардчилал гэж солиорч байхын хооронд Вьетнам Казахстан 2025-2030 Азийн бар болно гээд түүндээ бүрэн итгэлтэй зовхи нь дээшээ явна лээ. Коммунист Хятад удахгүй дэлхий 1р ЭЗ болно манай хэдэн ардчилсан хулгайчид мань бас ямар мөнгө хөрөнгө улс ард түмнээсээ шаана гэж бодож яваа юм болдоо
2018-05-26
Болд:
МАН тэгээд мандуулаад байгаа нь хаана байгаа урагшгүй ноёнд ухаангүй албад гэгч л болж байга
Busad ulsuud saihan umaa. Nuden deer l sep hiitel hugjuud irlee. Bid taltsaj hereldeed l.
2018-05-24
zochin:
bogdiin muzeig yg iim orchintoi bolgoh yumsan . tonuulchdiin huld .eh oron gej vgvi bololtoidogoo
2018-05-24
Zochin:
Ochij uzmeer sanagdaj bna shuu.
2018-05-24