Шүүгчийн сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл хийлээ
2018-05-29

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2018.05.29/ боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул оролцож, 4 дэх удаагаа шинэчлэгдэн батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах” журмын талаар мэдээлэл хийсэн юм.

 

 

Тэрбээр "Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 15, 16 дугаар тушаалаар зарласан УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн хоёр сул орон тоонд мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн болон шүүгчийн гурван сул орон тоонд зарим шүүхийн Ерөнхий шүүгчийн, Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт шинэ журмын дагуу явагдаж байна. Энэхүү сонгон шалгаруулалтад 140 орчим нэр дэвшигчид бүртгэгдэн хамрагдлаа. Сонгон шалгаруулалтын суурь шалгалтын хүрээнд бичгийн болон ярилцлагын шалгалт явагдаж дууссан. Одоо нэр дэвшигчийн намтар судлах ажиллагаа үргэлжилж байна. Суурь шалгалтын үнэлгээ гарсны дараа 60 ба түүнээс дээш үнэлгээ авсан нэр дэвшигчид тусгай шалгалтад хамрагдана” гэв.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар зарлигаар баталсан 4 дэх удаагийн шинэчилсэн найруулга бүхий "Шүүгчийг сонгон шалгаруулах” журамд орсон гол өөрчлөлтүүдийг танилцууллаа.

 

"Шүүгчийг сонгон шалгаруулах” журамд дараах гол өөрчлөлтүүд орсон байна. Тухайлбал анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт жилд 2 удаа зохион байгуулагдахаар болсон. Ингэснээр сул орон тоо гарсны дараа биш сул орон тоо гарахаас өмнө шалгалтын ажиллагаа урьдчилан явагдаж, тухайн орон тоонд томилогдох хуульд заасан болзол, шаардлага хангасан нэр дэвшигч бэлэн болсон байх бөгөөд сул орон тоо гарсан тохиолдолд богино хугацаанд нэр дэвшигч томилогдох боломжтой болж байгаа юм.

 

Түүнчлэн нэр дэвшигч шүүгчээр ажиллах ёс зүй, зан чанарын болон мэдлэг, ур чадварын шалгалтын хүрээнд хоёр багц шалгалтад буюу "суурь” болон "тусгай” шалгалтад оролцох бөгөөд "шүүгчээр ажиллах ёс зүй, зан төлөв”-ийн шалгалтад тогтоосон босго оноо буюу "60” онооноос бага оноо авсан нэр дэвшигч "шүүгчээр ажиллах мэдлэг, ур чадвар”-ыг шалгах шалгалтад оролцох эрхгүй болно. Нэр дэвшигчийн ёс зүй, зан төлөвийг шалгах шалгалтын төрөлд "намтар судлах” шалгалт шинээр нэмэгдэж орсон. Энэ шалгалтын хүрээнд Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн хуульд заасан чиг үүргийн дагуу нэр дэвшигчийн өнгөрсөн хугацааны намтар, түүх ёс зүйн төлөвшил, харилцаа хандлагыг судалж, дүгнэлт гаргах хэлбэрээр хэрэгжихээр тусгагдсан.

 

Шинэчлэгдсэн журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулснаар шалгалтад тэнцсэн нэр дэвшигч шүүгчээр томилогдохоос өмнө бэлтгэл сургалтад хамрагдаж, шүүгчээр ажиллахад шаардлагатай ур чадвар эзэмших давуу тал болохыг Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул хэллээ. Мөн шүүгчид нэр дэвшигчдийг сонгон шалгаруулахад олон нийтийн оролцоо чухал гэдгийг тэрбээр мэдээллийн төгсгөлд онцлов. Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа нэр дэвшигчдийн мэдээллийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил зарлаж байгаа бөгөөд тухайн нэр дэвшигчтэй холбоотой, шаардлага хангасан мэдээллийг Шүүхийн мэргэшлийн хороо хүлээн авч байгаа гэв.

 

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар  шүүгчийн сонгон шалгаруулалтын талаар мэдээллээ

 

Энэ удаагийн "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хуралд Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар, Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар, Бор-Өндөр дэх сум дундын шүүхийн тамгын газар онлайнаар холбогдож оролцов. Харин нийслэл дэх дүүргийн шүүхүүдийн Олон нийттэй харилцах мэргэжилтнүүд биечлэн оролцож, сүүлийн үед шүүхээр шийдэгдсэн олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин