Үргэлж л олны анхаарлыг татаж явдаг урлагийнхан хээнцэр чамин гоёл ихтэй улс. Тэд өдөр тутмын болон урлаг соёлын арга хэмжээнд оролцохдоо сонгож хэрэглэх хувцас, чимэглэлээ бусдаас аль болох содон байлгахыг хичээдэг. Мэдээж хэрэг, энэ бүх хэрэглээндээ багагүй хэмжээний хөрөнгө зарцуулдаг нь тодорхой. Тэгвэл одоо дуучин М.Нарантуяа буюу Нарагийн хэрэглээнээс сонирхоод үзье.
Японоос гоёл чимэглэлээ авдаг
Түүний гоёл чимэглэл бүр тоогоо алдчихаж. Дуучин бүсгүй тоо ширхэг битгий хэл, хийц загвараар нь ч ялгаж чадалгүй будилах үе олон гардаг гэнэ. Янз бүрийн хийц, материалтай учраас үнэ өртгийг нь нэгбүрчлэн тодорхойлох аргагүй юм. Сонирхолтой нь, энд захиалгаар хийлгэсэн чимэглэл огт байсангүй. Ихэнх гоёлоо японоос худалдаж авсан аж. Өнгө өнгөөр солонгорч харагдах эдгээр гоёлын дунд түүний “Шинэ сондор” төвөөс 80 мянган төгрөгөөр худалдаж авсан урт ээмэг хамгийн хямдхан нь гэсэн шүү. Хийц загвар нь адилхан хэрнээ өнгөөрөө ялгарах нэг төрлийн ээмэг, зүүлт түүнд олон байна. Тусгай зориулалтын шүүгээгээ япон дахь гэртээ үлдээсэн учир энд байгаа эд зүйлсээ хэдэн хайрцагт хуваагаад хийчихэж. Гэхдээ энэ бүхэн дуучин бүсгүйд байгаа гоёл зүүсгэлийн зөвхөн тал хувь нь гээд бод доо. Замын зардал өндөр учраас хагасыг нь японд үлдээсэн гэнэ лээ.
Загварын хувьд сонголттой
Урлагийн хүний зангаар сонирхсон зүйлдээ гар татдаггүй хэмээн тайлбарласан дуучин бүсгүй чимэглэл худалдаж авахдаа хослуулж хэрэглэх хувцасныхаа загварыг нэн түрүүнд анхаардаг гэсэн. Бас үдэшлэг, тоглолт, клипний зураг авалт гэх мэт оролцох арга хэмжээ, ажил төрлөө ч давхар бодолцдог аж. Гэхдээ түүний бүх гоёлыг нүд гялбам шигтгээтэй, чамин загвараар төсөөлбөл эндүүрэл шүү. Чөлөөт загварын хувцастай хослуулах өвөрмөц чимэг олон байна лээ. Харин дуучин маань харшилтай учраас төмөр материалтай эдлэлийг зөвхөн клипний зураг авалт, тоглолтын үеэр л хэрэглэдэг гэнэ.
Хамгийн үнэтэй нь цаг
Ээмэг зүүлтний ихэнх нь 600 ам.доллараас дээш үнэтэй, “Фурла” фирмийн бүтээгдэхүүн гэнэ. Түүний гоёлыг ээжийнх нь Дохагаас ирэхдээ бэлэглэсэн үнэт чулуун ээмэг чимдэг юм билээ. Мөн есөн эрдэнийн шигтгээтэй мөнгөн цээживч анхаарал татахаар эд байсан. Биеийн ил хэсэг нэвт харагдахуйц гоёмсог цээживч нэлээд хүнд юм билээ. Энэ дотроос хамгийн үнэтэй нь “Анна Клейн”-ы цагаан алтан цаг. Тухайн үедээ 580 мянган иенээр худалдаж авсан энэхүү цаг нь алмаазан шигтгээ, үнэт чулуун чимэглэлтэй.
Нүдний шилээр гоёх дуртай
Ээмэг, зүүлт, бугуйвч, бөгжнөөс өөр нэгэн цуглуулга нь нүдний шил. “Манго”, “Версаче”, “Зара”, “Булгари” зэрэг алдартай фирмийн шил түүний шургуулганд олон харагдсан. Хамгийн их хэрэглэх дуртай нь 900 ам.долларын үнэтэй “Булгари” фирмийн нүдний шил.
Таалагдвал бүгдийг нь “бөөндөнө”
Үнэртэй ус сонирхдоггүй эмэгтэй хүн ховор биз ээ. Түүн шиг дуучин бүсгүйд сэтгэл татам үнэртэй усны цуглуулга бий. Толиныхоо өмнө 60 гаруй төрлийн сүрчиг тавьсан ч тэрбээр тухайн өдөр өмсөх хувцсандаа тохируулж хэрэглэнэ үү гэхээс биш аль нэгийг нь чухалчилдаггүй гэнэ. Хамгийн их таалагддаг үнэртэн нь 150 мянган төгрөгийн үнэтэй “Шанель”. Үүнээс гадна “Жадор” фирмийн сүрчгээ яг л усанд орж байгаа юм шиг их хэмжээгээр хэрэглэдэг хэмээх хошигноод авсан шүү. Нара таалагдсан сүрчгээсээ олныг аваад хадгалчихдаг юм билээ.