Үерийн улмаас Хутаг-Өндөр суманд 368 сая төгрөгийн хохирол учирчээ
2018-06-18

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ үерийн улмаас гамшгийн нөхцөл үүсээд буй Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ажиллаж сэргээн босгох ажилд нэн шаардлагатай байгаа дэмжлэгийг үзүүлжээ.

 

 

Нөхцөл байдлыг тодруулбал  тус сумын 1-р багийн төвд 2018 оны 06 дугаар сарын 14 –ны орой 20 цаг 18 минутаас эхлэн 20 цаг 48 минутын хооронд хүчтэй аадар бороо орж үер буусны улмаас 128 өрхийн 397 хүн өртөж, 1 хүүхдийн амь нас хохирч, 67 айлын хашаа, 18 гэр, өвлийн сууцны байшин 4, зуны байшин 17 үерт урсаж эвдэрч сүйрчээ. Мөн хоёр өрхийн 388 бог мал, үхэр 2, нийт 390 малын сэгзэмийг устгалд оруулан булшилсан байна.

 

Одоогоор гудамж талбайг чөлөөлөн зам гаргах, сэргээн босгох, лаг шавар, эвдэрч сүйдсэн барилга байшин, хог хаягдлыг зөөж цэвэрлэх ажлууд хийгдэж байгаа бөгөөд хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 86 өрх, 6 төрийн байгууллагад нийтдээ 368,038,500 төгрөгийн хохирол учраад байгааг сумын засаг дарга П.Итгэлбаяр  танилцуулжээ. Хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байгаа.

 

Үерийн улмаас голомтон дахь бүх айлын бохир усаар дүүрч хальсан нь халдвар тархах, өвчний голомт үүсгэх магадлалтай тул халдваргүйтгэл ариутгалын бодис их хэмжээгээр шаардлагатай байгаа аж. Уг сум нь зургаан сая төгрөгийн нөөцтэй бөгөөд энэ нь хүрэлцэхгүй байгаа тул бензин шатахуунаа зээлээр авч сэргээн босголтын ажлыг явуулж байгаа юм байна.

 

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Хутаг-Өндөр суманд ажиллах үеэрээ үерт урсаж амь гарсан иргэд, тэдний гэр бүлтэй уулзан эмгэнэл илэрхийлж, сэтгэлийн дэм өгчээ.

 

Мөн тэрээр шаардлагатай байгаа зарим техник хэрэгслийг сэргээн босгох ажилд туслуулахаар Орхон АЗЗА-тай ярьж тохирон замд гаргасан бөгөөд аймаг, сум орон нутгийн удирдлагууд, мөн тухайн нөхцөл байдалд тусламж үзүүлэн ажиллаж буй Булган АЗЗА компаний удирдлагатай цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож,үүрэг чиглэл өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин