Хөдөлмөрийн тухай хуулийн зөвлөлдөх уулзалт болов
2018-06-18

 

 

Европын холбоо /GSP+2 төсөл/-ны дэмжлэгээр, ОУХБ-ын 100 жилийн ой угтсан ажлын хүрээнд "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Хамтын гэрээ, хэлэлцээр-ҮЭ-ийн эрх" зөвлөлдөх уулзалт МҮЭ-ийн холбооны байранд өнөөдөр /2018.06.18/ боллоо.


Зөвлөлдөх уулзалтад МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, ОУХБ-ын Үндэсний зохицуулагч П.Болормаа болон Хөдөлмөрийн тухай хуулийн ҮЭ-ийн дотоод ажлын хэсгийн гишүүд, аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын төлөөллүүд оролцов.


УИХ-ын НББСШУ-ны байнгын хороотой хамтарч Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга хэлэлцүүлгийг орон нутаг, нийслэлд зохион байгуулах ажил амжилттай зохион байгуулагдаж байгааг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар уулзалтын эхэнд тодотгоод ҮЭ-ийн үндсэн эрхийг зөрчсөн зүйл заалтууд шинэ хуульд тусгахгүй байхад анхаарч ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна гэлээ.

 

УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг НББСШУ-ны байнгын хороо, ҮЭ-ийн үйл ажиллагаа салшгүй холбоотой. МҮЭ-ийн холбооны удирдлагуудын санаачилгаар төрийн ордон болон Хэнтий аймаг, Чингэлтэй дүүрэгт хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Саналын зөрүүгээ ярилцсан. Иймд нэлээд сайн хууль гарах биз ээ. Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын хэсэгт салбар бүрт ажиллаж байсан туршлагатай УИХ-ын гишүүд орсон. Энэ намар хууль батлагдагдчих болов уу. Та бүхэнд санаа өгөх үүднээс ганц хоёр зүйл хэлье. ҮЭ-ийн эрхийн тухай хуулиа шинэчлэх талаар та бүхэн идэвх санаачилгатай, шийдэмгийн ажиллаарай. МҮЭ-ийн холбооноос өөрийн санал, хувилбарыг хөдөлмөрийн тухай хуулийг дагалдуулан гаргавал цаг хугацааны хувьд зохимжтой байх. Бусад хууль тогтоомж яригдахад ҮЭ-үүд мэдрэмтгий оролцож, санал хүсэлтээ тухай бүр нь өгч байгаарай" гэлээ. 


Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх МҮЭ-ийн холбооны зарчмын зөрүүтэй санал, байр суурийг ХХХБГ-ын дарга Ц.Отгонтунгалаг танилцуулж, УИХ-ын ажлын хэсэгт хандан явуулах баримт бичгийн төслийг хэлэлцэв. 

Shuud.mn
Сонин хачин