Хятад татвараас зайлсхийдэг жүжигчдээ ДОНГОДОВ
2018-06-29

БНХАУ-ын эрх баригчид “money worship” буюу “мөнгийг тахин шүтэх” үзэл дэлгэрч, “нийгмийн үнэт зүйлсийг гутаалаа” хэмээн үзэж, жүжигчдийн авдаг цалингийн хэмжээнд хязгаар тогтоосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Жүжигчин Фань Бинбинь 

 

Дэлгэцийн нэг бүтээлд оролцох жүжигчдийн цалингийн төсөв нь уг бүтээлийг бүтээх явцад гаргаж буй нийт зардлын 40 хувиас хэвтрэхгүй байх. Мөн гол дүрийн жүжигчний цалин нийт жүжигчдийн цалингийн нийлбэрээс 70 хувиас хэтрэхгүй байхаар эрх баригчид шийдвэрлэсэн байна.

 

БНХАУ-ын Татварын Ерөнхий газар, Дэлгэц, киноны зохицуулах газар болон Үзэл суртлын агентлаг хамтран дээрх шийдвэрийг гаргахад голлох үүргийг гүйцэтгэжээ.

 

Хятадын хэсэг жүжигчин татвараас зайлсхийлсэн хэрэг нэмэгдэх болсон учир эрх баригчид ХАТУУ бодлого баримтлахаас өөр сонголтгүй болсон гэнэ.

 

Хятадын кино ертөнцөөс гадна холливуудын шилдэг бүтээлүүдэд тоглож, Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд хүртэл багтаж, нэр алдар нь олон улсад цуурайтаад буй жүжигчин Фан Бинбинийн кинонд тоглохдоо байгуулсан гэрээний хуулбар хэвлэлээр цацагдсан байна.

 

Жүжигчин бүсгүй кинонд тоглох гэрээгээ 1.56 сая, 7.8 саяын дүнтэй хоёр өөр гэрээ болгоод улмаар бага дүнтэй гэрээгээ татварын албанд тайлагнаж, татвараас зайлсхийлсэн нь илчлэгджээ.

 

Уг мэдээллийг жүжигчин болон харъяа агентлаг нь эрс үгүйсгэж, нэр хүндэд нь халдсан сэтгүүлчдийг шүүхэд өгөхөө илэрхийллээ.

 

Бинбинийн нууц мэдээллийг задруулсан сэтгүүлч Цуй Ёнюань “Шаардлагатай гэвэл өөр жүжигчдийн мэдээллийг задруулж болно” хэмээн нийгмийн сүлжээндээ нийтэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин