ТЭД эрх чөлөөгөө хасуулсан ч, хоригдол биш ХҮҮХЭД
2018-07-17

Хүнд, төмөр хаалга аяархан нээгдэж, алба хаагчид ёслон биднийг дотогш орууллаа. Улаан биеийн тамирын хослолтой хөвгүүд, цоожтой хаалганы цаана эгнэн зогсох нь эрхгүй гуниг төрүүлнэ. Гэвч хүүхэд л юм болохоор орж ирсэн гадны хүмүүсийг томоогүй харцаар ажиглах аж. Анх ороход л огтоос буй бүхнээрээ хорих анги биш хүүхдийн дотуур байр адил санагдаж байлаа. Ялгаа нь тэнд амьдарч буй хүүхдүүд эрх чөлөөгөө хасуулсан.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан, ХЭҮК-ын үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий Орон тооны бус зөвлөлийн гишүүд болон "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын сурвалжлагчид хуучин нэршлээр "Хүүхдийн хорих анги” буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын орчин нөхцөлтэй танилцсан /2018.07.04/ юм.

 

Энэхүү сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагыг Зайсан дахь “Хүүхийн хорих” гэдгээр хүмүүс мэднэ. Уг байгууллага 1995-2015 оны хооронд Улаанбаатар хот, Зайсанд байрлаж байсан бөгөөд 2016 оноос Налайх дүүргийн Хонхор тосгонд байрлах болжээ. Хоёр жилийн өмнөөс Хонхорт нүүж ирсэн бөгөөд энд нийт 30 алба хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

 

Эрх чөлөөгөө хасуулсан ч ЭЕШ өгч, МУБИС-д тэнцжээ

 

Энэхүү сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад энэ оны долоодугаар сарын байдлаар 14-21 насны 70 өсвөр насны хүүхэд хүмүүжиж байна. Хүмүүжигч хүүхдүүдийн дийлэнхи нь хулгайлах гэмт хэргийн улмаас шийтгэгджээ. Тодруулбал

 

Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн- 37

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн-19

 Хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн-11

 Хүн амины гэмт хэрэг үйлдсэн -1

Хүний биед санаатай гэмтэл учруулсан -1

Хар тамхины хэргээр 1 хүүхэд тус тус шийтгүүлэн хүмүүжиж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэхүү тусгай байгууллагаар дамжуулан хүмүүжил олгохоос гадна бүрэн дунд боловсрол олгох сургалтууд явагддаг аж. Энэ байгууллага 2000 оноос хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2009 оноос Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар Хан-Уул дүүргийн 110 дугаар сургууль болон өөрчлөгджээ. Ерөнхий боловсролын сургуулийн есөн багш хичээл заадаг байна. Ял шийтгэгдээд ирсэн хүүхдүүд дунд огт боловсролгүй, 14 настай хэдий ч нэгдүгээр ангийн боловсролтой нэгэн ч байдаг аж. Тиймээс түвшин тогтоох шалгалт авч, анги ангид хуваарилдаг байна. Энэ жил нэгдүгээр ангид 3, тавдугаар ангид 2, зургадугаар ангид 1, наймдугаар ангид 1, есдүгээр ангид 6, аравдугаар ангид 11, 11 дүгээр 1, ангид 12 дугаар ангид 6 хүүхэд суралцаж анги дүүргэсэн байна.

 

Арванхоёрдугаар анги төгссөн зургаан хүүхэд ЭЕШ өгч, гурван хүүхэд их, дээд сургуульд суралцах эрх авчээ. Үүнээс нэг хүүхэд 657 оноо авч, МУБИС-д орох батламжаа гардан, Биеийн тамирын багш, дасгалжуулагчийн ангид орохоор болжээ. Бусад шалгалт өгсөн хүүхдүүд их, дээд сургууль орох эрхээ авсан ч, сургуулиа хараахан сонгож амжаагүй байгаа аж. 110 дугаар сургуульд 2000 оноос хойш одоог хүртэл 1828 хүүхэд суралцаж, бүрэн бус дунд боловсролыг 54 хүүхдэд, бүрэн дунд боловсролыг 39 хүүхэд эзэмшжээ.

 

Сургалт хүмүүжлийн төв нь 4000 гаруй ном бүхий номын сантай аж. Мөн уран зургийн болон хөгжмийн дугуйлан хичээллэдэг бөгөөд алба хаагчид Төрийн бус байгууллагатай хамтран эсгийн урлалын сургалт явуулдаг байна.

 

Хуулийн өөрчлөлтийн улмаас ял шийтгэгдсэн хүүхдийн тоо 6-70 болж, нэмэгдсэн

 

Өнгөрөгч 2017 онд сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад зургаан хүүхэд хоригдож байсан бол энэ онд 70 хүүхэд болж эрс нэмэгджээ. Энэ нь Эрхзүйн шинэчлэлтийн хүрээнд шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн өөрчлөлттэй холбоотой болохыг ХЭҮК-ын үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий Орон тооны бус зөвлөлийн гишүүд хэлж байлаа. Мөн тус байгууллагын дарга Б.Тамир “Энэ байранд 70 хүүхэд байрлана гэж огт тооцоолоогүй. Хүүхдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан байр, сууцны асуудал тулгараад байгаа” гэв.

 

Тухайлбал 38 мянган төгрөгийн хохиролтой хоёр хүүхэд хорих ял авч, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад иржээ. Тэд дэлгүүр ортол худалдагч нь эзгүй байсан тул талх, хиам зэрэг зүйлс хулгайлсан аж. Хулгайлсан зүйлийн үнэ 38 мянган төгрөг. Гэвч тэд хулгай хийсэн тул дунджаар 1-1.6 жил хоригдох ял хүлээнэ. Энэхүү байгууллага Зайсанд байрладаг байхад ихдээ л 20-30 хүүхэд хоригддог байсан бол Зөрчлийн тухай хуулиар 70 болж, анх удаа энэ тооны олон хүүхэд хүмүүжиж байгааг Б.Тамир дарга учирлаж байлаа.  Нийт хүмүүжиж буй 70 хүүхдийн 30 гаруй нь анхлан гэмт хэрэг үйлдэн бол 12 хүүхэд давтан гэмт хэрэг үйлджээ.

 

Б.Тамир: Эрх чөлөөгөө хасуулна гэдэг хамгийн том ЦЭЭРЛЭЛ

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, дэд хурандаа Б.Тамиртай цөөн хором ярилцлаа.

 

-Өмнө нь та насанд хүрэгчдийн хорих ангид ажиллаж байсан юм билээ. Хүүхэдтэй ажиллахад ямар байна вэ?

 

-Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 18 жил ажиллаж байна. Өмнө нь хорих ангиудад ажиллаж байгаад одоо сургалт хүмүүжлийн ангид ажиллаж байна. Хүүхэд насанд хүрсэн хүмүүсээс ялгаатай. Тэд насанд хүрсэн хүмүүсийн асрамжинд байж байгаад ирсэн. Өөрөөр хэлбэл ямар нэг байдлаар чиглүүлэгчтэй байж байгаад ороод ирсэн. Чиглүүлэх үүргийг энд ирснийх нь дараа хэн өгөх вэ гэвэл сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, ажилчид, багш нар хүлээдэг онцлогтой. Насанд хүрээгүй учраас багш нарынхаа гараас эсвэл аав, ээжээсээ ирсэн тул бид аав, ээж, ах, эгч багшийнх нь оронд багш байх үүрэгтэй. Тиймээс биид гэмт хэрэгтэн шиг биш хүүхэд гэдэг утгаар нь харилцах нь чухал.  Хүүхэд бол хүүхэд л байдаг. Насанд хүрэгчдийн хориход засал хүмүүжилээ олохгүй нөхдүүд байдаг. Харин хүүхдэд тийм зүйл байдаггүй. Бүгд засаад авч болно.

 

-Хүүхдүүд гэмт хэрэг үйлдэхэд голчлон юу нөлөөлдөг бол?

 

-Хүүхэд санаатайгаар муу зүйл хийдэггүй. Аль нэг байдлаар уруу татагдсан, кино үзээд дуурайсан, цахим тоглоом тоглоод түүнийгээ хэрэгжүүлэх гэж оролдсон гэх мэт шалтгаантай байдаг. Бид хүүхдийг орж ирэхэд гэмт хэргийг нь сонирхдоггүй. Гэмт хэргээр нь бид хүүхдүүдийг ялгаж үзэж болохгүй. Тэгж ялгавал бид энд ажиллах хэрэггүй.

 

-Хамгийн багадаа хэдэн настай хүүхэд хоригдож байна вэ?

 

-Одоогоор 14-21 насны хүүхдүүд байна. Саяхан 14 настай хүүхэд орон байрны хулгайн гэмт хэргийн улмаас шийтгэгдэж ирсэн байгаа.

 

-Хамгийн ихдээ хэдэн жилээр эрх чөлөөгөө хасуулсан хүүхэд байгаа вэ?

 

-Дунджаар 1-1.6 жилийн ялтай хүүхдүүд байна. Долоон жилийн ял эдлэх хүчингийн хэрэгтэй нэг хүүхэд бий. Таван жилтэй хүн амины хэрэгтэй  нэг бий. Хар тамхины хэрэгтэй, хоёр жилийн ялтай хүүхэд бий.

 

-Өнгөрсөн жил зургаан хүүхэд л байсан гэсэн. Харин энэ жил 70 болж нэмэгдсэнд нөлөөлж буй хүчин зүйл нь хуулийн өөрчлөлт гэв үү?

 

-Тийм ээ. Эрүүгийн хуулийн өөрчлөлт. Шинэ хууль хэрэгжээд өсвөр насны хүүхдүүдийн хулгайн гэмт хэргийн зүйл заалт өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор ял шийтгэгдсэн хүүхдийн тоо нэмэгдлээ гэж харж байна.  Тухайлбал хохирлын хэмжээ нь 100-170 мянган төгрөг. Эсвэл орон байранд нэвтэрсэн, авсан зүйл байхгүй ч  1-1.6 жилийн ял авна. Энэ хуулийн заалт буцаад засагдаж байгаа. Тиймээс хоригдох хүүхдийн тоо эргээд багасна гэж бодож байна.

 

-Энд байгаа хүүхдүүд хоорондоо эвтэй, найртай юу?

 

-Сургуулийн хүүхдүүд, дээд сургуулийн залуус ч адилхан, хүүхэд л болсон хойно маргах асуудал гарна. Сургалт хүмүүжлийн байгууллагыг хорих анги гэж бодож ирсэн цөөн хүүхдүүд байдаг. Тэдэнд бид л энэ хорих анги биш гэдгийг ойлгуулж чадвал маргааны асуудал байхгүй болох юм шиг санагддаг.

 

-Асуудал гаргавал сахилгын ямар шийтгэл ногдуулах уу?

 

-Зөрчил гаргасан бол акт бичиж шагналын хоног олгохгүй. Эргэлт, уулзалтын тоог хасдаг. Энэ сахилгын шийтгэл хүүхдүүдэд хангалттай. Бид аль болох хүүхдүүдээ зоригжуулж, урамшуулахыг боддог.

 

-Хүүхдүүдтэй хамгийн ойр байдаг хүн та байх. Тэдний сэтгэл санааны байдал, үзэл бодлыг хуваалцана биз?

 

-Манай алба хаагчид бүгд ойр ажилладаг. Бид аав, ээж шиг нь байхыг хичээдэг. Хүүхдүүд анх ирэхдээ хориглол боллоо, шоронд орчихлоо гэсэн бодолтой ирдэг. Энэ сэтгэхүйг бид анх ирсэн өдрөөс нь өөрчлөхийг хичээдэг. Хүүхэд учраас та нар алдсан. Алдаж болно, алдаагаа давтахгүй байгаасай гэдэг үүднээс сургалт хүмүүжлийн тусгай байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс энэ бол хорих анги биш гэдгийг ухуулдаг.

 

-Хүүхдийг хоригдол гэж дуудаггүй. Овог нэрээр нь дууддаг юм байна. Энэ тэдэнд өөрсдийгөө хоригдолоос өөрөөр ойлгоход дөхөм болдог байх?

 

-Бид өсвөр насны хүмүүжигч гэж ярьдаг. Энд хүүхдүүд энгийн л амьдралын хэв журмаар амьдардаг. Гол нь эрх чөлөөгөө л хасуулсан гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Тэд өлөө 07.30 д босно. Хуулиар ч амьдралын хэмнэлийн дагуу ч гар нүүрээ угаагаад, цайгаа угаад сургалтанд сууна, чөлөөт цагаар сагс, гар бөмбөг тоглоно. Өглөө цай талх, өдөр нэг хоёрдугаар хоол, оройн хоолоо иднэ.

 

-Цувдайгаар хоол хийдэг үү? Хоол хүнсний тухайд?

 

-Үгүй. Хонь ямааны махаар хоол хийдэг. Гэхдээ гэдэс гэдгийг муухайгаар ойлгож болохгүй. Насанд хүрэгчдийн хорих ангид хүний тоо олон учраас таван цулыг хоолонд нэмдэг. Хүүхдийн хориход зөвхөн махаар хоол хийдэг байгаа.

 

-Хүүхдийн сургалт хүмүүжлийн байр, томчуудын хорихтой ижил стандарттай. Энэ нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж ХЭҮК-оос үздэг?

 

-Манайх 2016 онд одоо байрлаж байгаа энэхүү объектод ирсэн. Бид ШШГЕГ-т санал тавьсан. 2019 онд байр сольж өгнө гэсэн.

 

-Шинээр баригдах байр ч мөн адил насанд хүрэгчдийн хорихтой адил стандарттай байх уу?

 

-Шинэ баригдах байр бол өөр. Бид зургаа өгчихсөн байгаа. Хоёр давхар сургалтын болон амьдрах байр байх юм. -Байрны асуудал шийдэгдчихвэл өөр тулгамдаж байгаа асуудал байхгүй гэж бодож байна.

 

-Хорихоос гарсан хүүхдүүд эргээд орж ирэх үү?

 

-Хүүхдийн хорихоос сургалт хүмүүжлийн тусгай байгууллага гэж нэрлэгдэх хүртэл хугацаанд хоригдож байгаад гараад дээд сургуульд орсон, засарсан тохиолдол бий. Нэг ч гэсэн хүүхэд засраад сайхан амьдарч байвал бидний хувьд том ажил. Энд нийгэмшүүлэх ажил явагдаад байдаг. Гараад яах вэ гэдэгт анхаарч ажиллах шаардлагатай байгаа.

 

-Хоригдож байгаад гарахаар нийгэм хүлээж авдаггүй. Тиймээс эндээ байвал илүү дээр учраас хэрэг хийгээд буцаад ордог гэх зүйлсийг ярьдаг.

 

-Хорих байгууллагын орчин нөхцөл сайн. Ард иргэд нийгэм хүлээж авахгүй учраас буцаад хориход орох хүсэлтэй байдаг гэдэг. Гэхдээ хүний эрх чөлөө гэдэг хамгийн чухал зүйл. Бид энэ хүүхдүүдийн эрх чөлөөг л хасч байгаа. Бусад бүхий л зүйлс хэвийн. Бусад жам ёсны эрхийг бол хязгаарладаггүй. Зөвхөн эрх чөлөө нь хязгаарладаг. Хүн амьдралдаа эрх чөлөөгүй болно гэдэг хамгийн том цээрлэл.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын алба хаагчид хүүхдүүдийн дунд “Гэр бүлдээ бичих миний захидал” сэдэвт захидлын уралдааныг зарлажээ. Энэхүү уралдаанд оролцсон бүх хүүхдүүд аав, ээжээсээ уучлал хүссэн, эндээ гараад сайн сайхан амьдарна гэх утга санааг захидалдаа тусгасан байсныг Б.Тамир дарга сайшааж байв.

 

Энд хэдий хүмүүжээд гардаг ч, хэцүү амьдрал хүлээж байдаг тул хэрхэн нийгэмд зөв зүйтэй амьдруулах тал дээр анхаарч ажилладаг байна. Хоригдож байгаа хүүхдүүдийн ихэнхи нь аав ээж нь архины хамааралтай, хагас болон бүтэн өнчин зэрэг зорилтот гэр бүлээс ирдэг аж. Хүүхдүүд өдөр бүр гэр бүлтэйгээ 3-5 минут утсаар ярих, эргэлт хүлээн авах боломжтой юм байна.

 

Хэдий буруу зүйл хийж эрх чөлөөгөө хасуулан хоригдож байгаа ч хүүхэд хичнээн, гэгээхэн, цагаахан ариухан “ертөнц” гэдгийг Б.Тамир дарга хэлж буй өгүүлбэр бүртээ дурдах аж. Гагцхүү тэднийг хэрэг хийгээд ирэхээс, хүмүүжээд гарах хүртэл нь “хоригдол” гэж харахгүй, харьцахгүй, хандахгүй байх хэрэгтэй. Тэгж чадвал ирээдүй гэгээн, нийгэм зөв байх учиртай юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
onooh gomo monhoo chin ooriigoo yamar ch gemgui amitan gej bodsonuu ysaan naadmiin talbai deer neg buduun tuntger nohor dac=vhij yvana lee
2018-07-17