Он гарсаар усны ослоор 48 хүн амь насаа алдав
2018-07-18

Он гарсаар 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 13 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт гол, мөрөн, нуур, цэвэр, бохир усны шугам, тогтоол ус, худгийн ус, хиймэл нууранд 40 удаагийн тохиолдлоор 48 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 9 нь хүүхэд, 39 нь насанд хүрэгсэд байгаа юм. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Усны ослын гол шалтгаан нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхидог, гол, усны орчим орхиод эцэг эхчүүд архидан согтуурдаг, хүүхэд, залуучууд сэрүүцэх болон тоглох зорилгоор ус руу ордог, насанд хүрэгсэд гол, усанд орохдоо согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө болон бусдыг хянах чадвараа алддаг, хиймэл нууранд хийлдэг гудастай орсны улмаас осолдсон, худгийн усанд малаа унахаар араас нь ороод осолдсон, үерийн ус зайлуулах далангаар урсаж байгаа ус руу хөл алдан унаж осолдсон зэргээс үүдэж байна.

 

 Мөн Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 07 дугаар сарын 17-нд  баруун болон төвийн ихэнх нутаг, 18-20-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим нутгаар, 21-22-ны өдөр баруун, төв, зүүн аймгуудын зарим нутгаар, 24-26-ны өдөр баруун, төв, говийн аймгуудын зарим газраар үе үе аянга цахилгаантай усархаг аадар бороо, мөндөр орох, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаас эхтэй гол, мөрний усны түвшин огцом нэмэгдэх, үер буух өндөр эрсдэлтэй байна.Иймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

 

Түүнчлэн,

 

-Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

 

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

 

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих

 

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах

 

-Голуудын  усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг онцгойлон  анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин