Сүхбаатар дүүргээс өлгийчүүдэд сая төгрөгийн тусламж үзүүллээ
2018-07-20

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт өртсөн ард иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон нэг сая төгрөгийн мөнгөн хандивыг цуглуулсан. Энэхүү хандивыг өнөөдөр дүүргийн Засаг дарга Х.Болормаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянд хүлээлгэн өглөө.

 

Энэ үеэр Засаг дарга Х.Болормаа “Байгалийн гамшиг бол гэнэтийн төдийгүй эд хөрөнгө, эдийн засгийн хувьд маш их хохирол дагуулдаг давагдашгүй хүчин зүйл байдаг. Өнгөрсөн хавар шар усны үерийн улмаас дүүргийн 15-20 дугаар хорооны 100 гаруй өрх үерт өртсөн үйл явдал болсон. Энэ үед дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, шуурхай арга хэмжээ авч дээрх хороодод далан шуудуу татах, үерийн сувгийг цэвэрлэх, шинээр шугам хоолой тавих ажлуудад Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 40 гаруй сая төгрөгийг зарцуулсан” гэдгийг онцлон тэмдэглэв.

 

Өнгөрсөн жил тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас Сэлэнгэ аймагт гарсан түймрийн голомтод ажиллаж байсан Онцгой байдлын алба хаагчдын хоол хүнс, бусад шаардлагатай эд зүйлст зориулж 720 мянган төгрөгийн хандивыг мөн өгч байсан юм.

Shuud.mn
Сонин хачин