Б.Нацагдорж: Би ДАРУУХАН уран бүтээлч
2018-08-01

"Боловсрол суваг" телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг шоу”-ны ялагч болсон ая зохиогч, дуучин Б.Нацагдоржтой ярилцлаа.

 

 

-Та “Яг түүн шиг” шоугаар өөрийгөө чадварлаг уран бүтээлч гэдгээ харууллаа. Энэ шоу таны хувьд нэг ёсны шалгуур болж өгсөн байх?

 

-Танилцуулга, нээлт бас өрсөлдөөний том талбар боллоо. Хамгийн чухал нь намайг олон хүмүүст таниулж өгсөн. Рок поп урлагийнхан дунд ая зохиогч, дуу хөгжимд хайртай шинэ залуу уран бүтээлч гарч ирж байгаа гэдгийг таниулж өгсөн шоу байлаа.

 

-“Яг түүн шиг” шоугаар өөрийнхөө олон авьяасыг таниуллаа. Таньд өөр ямар нэгэн нууц авьяас бий юу?

 

-Хөгжмийн тал дээр тоглож чадахгүй хөгжмийн зэмсэг ховор. Гэхдээ бүгдийг нь бүр сайн тоглодог гэж хэлэхгүй.

 

-Авьяасыг өвлөдөг гэдэг. Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?

 

-Яг мэргэжлийн урлагийн амьдралаар явсан хүн байгаагүй. Гэхдээ дуу хөгжимд дуртай, дууг сайхан дуулчихдаг тийм хүн байдаг. Манай аав бол сайхан дуулдаг хүн. Намайг аав маань хамгийн анх Монголын Хүүхдийн Ордоны дууны дугуйланд аваачиж бүртгүүлж байсан. Тэгээд л миний хувь заяаг шийдсэн гэж хэлж болох байх. Тэгж л дуу, хөгжимтэй танилцаж, дурлаж явсаар дуучин болсон доо.

 

-Дуучин болсондоо харамсах, эргэлзэх үе байв уу?

 

-Өөр мэргэжил сонгох талаар бодож үзсэн. Гэхдээ дуулах ёстой юм байна гэдгээ мэддэг байсан. Аав ээж хоёр  маань “Урлагийн амьдралаар амьдрахгүй ээ, давхар нэг мэргэжилтэй, мэдлэгтэй байх ёстой” гэдэг байсан. Нэг удаа барилгын мэргэжил сонгох гэж үзсэн. Барилгачин гэсэн үг л дээ. Шалгалтыг нь өгөөд тэнцээгүй. Одоо бодоход сонгосон ч тэр мэргэжлээрээ амьдрахгүй байсан байх гэж боддог.

 

-Багадаа ямар хүүхэд байв?

 

-Багаасаа л дуу хөгжимд  дуртай  хүүхэд байсан даа. Бас их сахилгагүй байсан. Дүрсгүй  болохоор эвдэлж сүйтгэхээс эхлээд л болж бүтэхгүй юмыг их сонирхож, хийж үздэг байлаа.

 

-Хүн бүрт санаанаас гардаггүй, мартагдахааргүй сайхан дурсамж гэж байдаг. Багийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

 

-Аав болохдоо л хамгийн их баярласан даа. Миний хувьд хамгийн сайхан үе. Би гурван сайхан хүүхэдтэй.

 

-Гурван сайхан үрийнхээ ээжтэй хэрхэн танилцаж байв? 

 

-Гэр бүлийнхээ хүнтэй оюутан байхдаа танилцсан. Манай хүн англи хэлний багш, орчуулагчийн анги. Би урлагийн сургуульд дуулаачийн ангид сурдаг байлаа. Тухайн үедээ хамт амьдраад гадаадад амьдрахаар болвол  надад англи хэл заагаад, англи хэлэндээ сайн хүнтэй байхаар газардахгүй юм байна гэж боддог байсан /инээв.сур/. Тэр үедээ л бодсон хөгжилтэй зүйл л дээ.

 

-Гэр бүлдээ цаг зав зарцуулж чадаж байна уу?

 

-Долоо хоногт бүтэн нэг өдрийг гэрийхэндээ зарцуулахыг хүсдэг. Хоёр гурван өдөр гэж үнэхээр хэлж чадахгүй. Ажлын өдрүүдээр төдийлөн зав гаргаж чадахгүй. Ямартай ч хүүхдүүдээ хичээл сургуульд нь бол хүргэж өгөөд авдаг. Амралтын өдрийн ядаж нэгэнд нь өдөржингөө гэр бүлтэйгээ хамт байхыг боддог.

 

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай юу?

 

-Хөл бөмбөг их сонирхдог. Цаг заваараа хөл бөмбөг үзэх, тоглох дуртай. Бас хөдөө явах их дуртай даа.

 

 

-Шинэ уран бүтээлийн олз омог хэр байна?

 

-Шинэ уран бүтээлийнхээ ажилд орсон байгаа. “Яг түүн шиг” шоу дууссаны дараа л уран бүтээл хийж эхэлсэн. Шинэ уран бүтээлийн “өрөнд” орчихдог юм байна шүү дээ. Нэхээд эхэлдэг юм билээ. Эхний дуу маань бэлэн болсон. Удахгүй аудио хэлбэрээр цацагдах байх.

 

-Залуу хүнд сура зүйл олон. Таны үлгэр дуурайлал авдаг уран бүтээлч хэн бэ?

 

-Би  “Чингис хаан” хамтлагийн дуучин, МУГЖ Д. Жаргалсайхан ахыгаа маш их хүндэлж явдаг. Энэ хүн бол үнэхээр мундаг, авьяастай домог болсон уран бүтээлч мөртлөө олны дунд энгийн сайхан амьдардаг. Үзэл бодол нь хүндэлмээр, залуус дүү нартаа үлгэрлэл болсон  ийм л хүн дээ.

 

-Таны хувьд уран бүтээлч хүн ямар байх ёстой вэ?

 

-Хамгийн түрүүнд бүтээлч байх ёстой гэж боддог. Уран бүтээлч гэдэг  нэрнээсээ хүртэл харагдана. Шинэ зүйлсийг байнга эрэлхийлдэг, сонирхдог, тэрнийгээ туршиж үздэг тийм л байх хэрэгтэй.

 

-Таны амьдралын зорилго, мөрөөдөл?

 

-Их олон зорилгыг өмнөө тавьж байна. Миний хувьд монголын орчин цагийн хөгжмийн зах зээлийг өргөн хүрээний эдийн засгийн эргэлттэй зах зээл байгаасай гэж хүсдэг. Манай монгол гуравхан сая хүнтэй, эдийн засаг хүндрэлтэй, урлаг нь хөгжих боломжгүй гэж хүмүүс хэлдэг. Гэхдээ  урлагийн хүн болж амьдарч байгаа хүний хувьд урлагийн үнэ цэнийг өсгөхийн тулд яг юу хийж болох вэ гэдэг талаар их боддог. Хамгийн чухал нь зохиогчийн эрхийн асуудал. Зохиогчийн эрх байхгүй бол бүх юм үнэгүй. Гаргаж байгаа сонин сэтгүүл, сурталчилгаа, бичлэг видео, кино гэх мэт. Нөгөө талаасаа хамгийн шилдэг хит дуунуудыг туурвихыг хүсэж байна. Өөрөө мюзикл хийх гэх мэт мөрөөдөл олон байна.

 

-Өөрийгөө нэг үгээр тодорхойлвол?

 

-Даруухан л гэж хэлэх байх даа.

 

 

Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Mundag shuu. Amjilt
2019-10-03
ub:
Mundag Zaluud Amjilt! Tuunii Saihan Ger Buld Az Jargal Husye!
2018-08-02
zochin:
utga uchirgui uitgartai amidraltai hun l busdiin amidraliig sonirhoj hondlongoos oroltsdog gomo monhood zoriulav
2018-08-01