Улаанбаатар
Сурагчид ирнэ, сургууль бэлэн үү
8-14
Гэрэл зургийг MPA.mn

 

Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Гэтэл зарим сургуулийн засварын ажил улсын баяр наадмаас хойш эхлэсэн, төсөв мөнгө нь саяхан шийдэгдсэн гэх мэдээлэл эцэг, эхчүүдийн болон багш нарын санааг зовоогоод байна.  Учир нь хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд тоос шороо нь бужигнаад, хятад будагных нь үнэр хүүхдүүдийн дотрыг муухайруулж, толгойг өвтгөхөөс эхлээд тав тухгүй орчинд хичээллэх нь зарим сургуулиудад байдаг л үзэгдлийн нэг.  Мөн засвар хийх зарим ажлын гэрээ нь  наймдугаар сарын эхээр гарын үсэг нь зурагдаж, төсөв мөнгө нь саяхан шийдэгдсэн сургууль, цэцэрлэг цөөнгүй байна. Тиймээс үлдэж буй энэ хэдхэн хоногт сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажил амжиж дуусах уу. Сургууль, цэцэрлэггүй, спорт заалгүй хороо, дүүргийн хүүхдүүд энэ хичээлийн жилд хаана хичээллэх вэ. Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллээд, өвлийн шөнө 22:00 цагт гэртээ харьдаг 27 сургуулийн хүүхдүүдийн хувь заяа хэрхэн шийдэгдсэн бэ гэсэн асуудлуудад гэгээ татах мэдээлэл байгаа эсэхийг албаны хүмүүсээс асууж тодруулсан юм. Мөн зарим сургууль, цэцэрлэгийн засварын ажил хэдэн хувьтай явж байгааг газар дээрээс нь сонирхов.

 

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ЗАСВАР ХУГАЦААНДАА ДУУСАХ УУ?

 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн засварын ажил дунджаар 50-70 орчим хувьтай байгаа аж. Засварын ажлыг гэрээнд заасны дагуу наймдугаар сарын 20-25-ны хооронд хүлээн авч амжина гэж тооцоолж байгаагаа албаныхан бидэнд хэлсэн юм. Мөн энэ жил зарим төсвийн задаргаа оройтож ирсэнтэй холбоотойгоор зарим нэг сургууль цэцэрлэгийн засварын гэрээг саяхан үзэглэсэн тал бий. Бага хэмжээтэй засварын ажлууд долдугаар сарын 15-наас эхлээд жигдрээд явж байна. Зарим  засварын ажлыг энэ сарын 1-нээс эхлүүлсэн тал бий гэдгийг сургууль цэцэрлэгийн эрхлэгч нар хэлж байв.

 

Нийслэлийн хэмжээнд нийт 110 сургууль, 170 цэцэрлэг байдаг. Тэгвэл энэ хичээлийн жилд 50 орчим хувьд нь засвар хийгдэж байгаа ажээ.   Баянгол болон Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцахад ихэнх сургуулиуд төсөвлөсөн хөрөнгийнхөө хэмжээнд тааруулаад хэсэгчилсэн засварыг хийж байна. Мөн “Аль нэг сургууль, цэцэрлэгийг сонгоод иж бүрэн засвар хийх боломж тэр бүр тохиодоггүй. Энэ жил гадна фасадыг заслаа гэхэд ирэх жил доторх шугам солих гэх мэтээр хэсэгчлэн засдаг” гэж удирдлагууд нь хэлж байв. “Хичээлийн шинэ жил эхлэхэд богино хугацаа үлдээд байна. Хүүхдүүдээ хүлээж авахаас өмнө засвар нь дуусч амжих уу” гэсэн бидний асуултад “Одоогоор засварын ажил нь сунжирсан, хойшилсноос болж, хүүхдүүдээ хүлээж авах боломжгүй сургууль, цэцэрлэг байхгүй. Ажиллагаа ихтэй зарим ажлыг хичээл эхэлсний дараа ч үргэлжлүүлэн хийх тохиолдол бий. Жишээ нь, гадна шугамын ажлыг аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хийх боломжтой. Бүх ажил хуваарийн дагуу явж байгаа” гэв.

 

НИЙСЛЭЛД  20 ГАРУЙ СУРГУУЛЬ ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭНЭ

 

Сүүлийн жилүүдэд энд, тэнд сургууль барьж байгаа ч шинээр сургуульд орох зургаан настнуудын тоо дагаад өсч байгааг боловсролын салбарынхан хэлдэг. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал эцэг, эхчүүдийн толгойны өвчин болсоор удаж байгаа. Тиймээс энэ жил гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын тоо цөөрөх үү гэсэн асуултад хариулт нэхэх хүмүүс олон байна. Харамсалтай нь, энэ хичээлийн жилд энэ асуул­тад өгөх таатай хариулт олдсонгүй. Тухайл­бал, өнгөрсөн хичээ­лийн жилд 27 сургууль гурван ээлжтэй эхэлж байсан бол өнгөрсөн хавар энэ тоо  22 болж буурсан гэдгийг  БСШУСЯ-ныхан хэлж байсан. Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг 23, 24, 5, 50, 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн ажил үргэлжилж байгаа аж. “Зарим худалдан авах ажиллагаа нь зарлагдаад дуусч байна, Зарим нь худалдан авах ажиллагааны шатандаа явж байна гэхчлэн төсөв, зохион байгуулалтын үйл ажиллагаа нь 2019 он дамжихаар байна” гэсэн мэдээллийг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир өгч байна.

 

ЦАРЦСАН БАРИЛГУУД ХЭЗЭЭ АШИГЛАЛТАД ОРОХ ВЭ?

 

Нийслэлд 1950-1960 онд баригдсан, газар хөдлөлтийн ачаалал даах чадваргүй, хуучирч муудсан гэсэн дүгнэлттэй олон сургууль, цэцэрлэг байдаг.  Тиймээс энэ бүхнийг засч сайжруулах, шинэчилж тордохоор боловсролын салбарт жил бүр олон тооны төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, тендер зарлагдсаар байдаг. Гэтэл боловсролын салбарын ачаалал буурахгүй, зовлон тоочих сургууль, цэцэрлэгүүдийн тоо буурахгүй байгаад  бухим­дах иргэд ч олон байна. Шуудхан хэлэхэд, төсвийн мөнгө, тен­дерийн сонгон шалга­руулалт нь хүрэх ёстой эзэндээ хүрч, хийх ёстой ажилдаа зарцуулагдаж чадаж байна уу гэсэн хардлага тээж явдаг нь нууц биш. Тиймээс энэ жил боловсролын салбарт хэрэгжиж буй төсөв, тендерийн талаарх мэдээллийг сонирхсон юм.

 

2018 оныг БСШУСЯ-ныхан хамгийн их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил хэмээн тодотгож байна. Тодруулбал, энэ салбарт энэ онд нийт 363 төсөл хэрэгжиж байгаа ажээ. Энэ сарын 1-ний байдлаар энэ оны бүтээн байгуулалтын ажлын тендер шалгаруулалт 75 хувьтай байгаа аж. Дээрх 300 гаруй төслийн хүрээнд энэ жил 90 гаруй цэцэрлэг, 130 гаруй сургуулийн өргөтгөлийг шинээр барих, буулгах ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа юм байна.

 

Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг 20 гаруй сургуулиуд болон спорт заалгүй, хана тааз нь цуурсан, шал дээвэр нь цөмөрсөн зарим сургууль энэ хичээлийн жилд мөн л дээрх шалтгаанаа тоочсоор хүүхдүүдээ угтах бололтой. Шинээр баригдаж, ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн тухайд БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэлэхдээ “2018 оны нэгдүгээр сараас тендерээ зарлан, сонгон шалгаруулалт, зураг төслөө явуулж байна. Ихэнх төслийн төсөв нь 2019 онд хуваагдаж тавигдсан учир энэ жилийн хувьд ашиглалтад орох нь харьцангуй цөөн. Энэ сарын 1-ний мэдээгээр улсын хэмжээнд есөн сургууль үүд хаалгаа нээх боломжтой. Үүний гурав нь нийслэлд байгаа. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 26 цэцэрлэг, нийслэлийн хэмжээнд таван цэцэрлэг үүдээ нээх бол үүнээс гадна зургаан цэцэрлэгийг ирэх есдүгээр  сарын 1 гэхэд эхлүүлнэ. Үлдсэнийг нь 2018 ондоо багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв. Энэ бүхнээс үзэхэд зарим сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн ажил 2019 онд ч гэсэн үргэлжлэх бололтой.  Эцэст нь хэлэхэд, хичээл сургууль эхлэхэд цөөхөн хоног үлдээд байгаа энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүргийн 11, 12, 13, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн удирдлага, эцэг эхийн төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр тус дүүрэгт хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд асуудал үүсээд байгааг иргэд онцолж байв. Тухайлбал, 126 дугаар сургуулийн барилга угсралтын ажил долоон жил царцсан хэвээр байгааг дуулгав. Мөн  88 дугаар сургууль спортын заалгүй, 40 дүгээр яслийн дээвэр, шаланд нь нуралт үүсчихсэн тул тус барилгыг буулга гэдэг дүгнэлтийг МХЕГ 2010 оноос хойш гурван удаа дүгнэлт гаргасан ч үйл ажиллагаа явуулсаар байна гэсэн   асуудлуудыг сөхөж байв. Ямартай ч, хичээл эхлэхэд хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна. Сургууль цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн үү?

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ТУУЛ

Shuud.mn
Сонин хачин
Нарны хороололын сургууль цэцэрлэгийг хүлээж авах талаар дурсах чүгүй байна уу:
Нарны хороололын сургууль цэцэрлэг ашиглалтанд ороод жил тойрлоо . Төрийн нүүр царай
2018-08-14