"Орбис" нүдний нисдэг эмнэлэг Монголд 21 хоног ажиллана
2018-08-14
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол улсын Эрүүл Мэндийн Яамны урилгаар "Орбис" нүдний нисдэг эмнэлэг найм дахь  удаагаа ирээд байна. Тэд Улаанбаатар хотноо энэ сарын 12-30 хооронд гурван долоо хоногийн сургалт зохион байгуулах юм. "Орбис" Олон улсын байгууллагын Нүдний Нисдэг Эмнэлэгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2018.08.14/ Эрүүл мэндийн яаманд боллоо. 

 

Орбис Нүдний Эмнэлэг нь MD-10 агаарын хөлөгт байрладаг дэлхийн цорын ганц, АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн нүдний эмнэлэг бөгөөд орон орны шилдэг мэргэжилтнүүд ажилладаг ашгийн бус байгууллага юм . Нарийн мэргэжлийн багаж, үзлэг оношилгоо, эмчилгээ болон сургалтын тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон энэ нисдэг эмнэлэг хөгжиж буй орнуудын нүдний эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлдэг аж. 

 

“Орбис” нүдний нисдэг эмнэлгийнхэн Монголд  гурван долоо хоног ажиллах юм. Тэд эхний долоо хоногт  Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд (ЭХЭМҮТ) ажиллаж, хүүхдийн болор цайх өвчин, хялар, нүдний нөхөн сэргээх, дутуу нярайн торлогийн эмгэгийн сургалт явуулах юм. Хөтөлбөрийн хоёр дахь долоо хоногт нүдний нисдэг эмнэлэг дээрээ эмчилгээний дадлагын сургалт явуулах юм байна. Харин гурав дахь долоо хоногт Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр насанд хүрэгчдийн болор цайх, нүдний даралт, торлогийн эмгэг зэрэг өвчний сургалт явуулахаар төлөвлөжээ.  Мөн "Орбис"  нүдний нисдэг эмнэлэг нь Монгол Улсын эмнэлэгүүдээс санал болгосон өвчтнүүдэд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх юм байна.

 

Мөн тус эмнэлэг нь Монголд найм дахь удаагаа ирээд байгаа бөгөөд 2014 оноос эхлэн урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж,  ЭХЭМҮТ болон таван аймгийн Эрүүл мэндийн газартай хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг сайжруулах таван жилийн төсөл хэрэгжүүлж байгаа юм.  Төслийн хүрээнд 23 мянга гаруй хүүхдэд нүдний урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 11 мянган хүүхдэд эмийн эмчилгээ, 854 хүүхдэд мэс засал хийжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
х:
Хэрхэн үзүүлэх вээ??
2018-08-14