Багшгүй сурагчид гэртээ түгжигдсээр...
2018-09-05

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ өглөө 07.00 цагт сэрүүлэгний дуугаар бус “Оогий аниа, ээжээ...Би ганцаараа айгаад байна” хэмээн цурхиран уйлах бяцхан охины дуунаар сэрлээ. СХД-ийн, 27 дугаар хороонд байрлах есөн давхар орон сууцны аль нэг цонхноос охины дуу гарна. Гэрийнхэн нь дэлгүүр, эмийн сайн ер ойрхон гарахаар болж унтаж байсан охиноо түр орхиод явсан биз хэмээн бодож, нэг их тоосонгүй. Цаг 08.00...08.30...Охин дахиад л эгчийгээ, ээжийгээ дуудан уйлах аж.

 

Хараа сунгасаар охиныг сая нэг олж хараад, найман давхрын тагтан дээр уйлж зогссон жаахан охинтой алсаас ярилцлаа. Охин есөн настай аж. Гэртээ ээжтэйгээ, эгчтэйгээ амьдардаг гэнэ. Эгч нь түүнийг хардаг байсан ч эзгүй, ээж нь ажилтай тул түүнийг гэрт нь түгжээд орхижээ.  Харин охины сургуулийн багш нар ажил хаялт зарласан тул хичээлдээ яваагүй гэнэ. Гэрийнхэн нь хэзээ ирэхийг асуухад “Мэдэхгүй” гээд урамгүй мөрөө хавчих нь хачин өрөвдмөөр...Санги ах шиг хаалганых нь засвараар хууч хөөрч өдөржин өнжмөөр байвч ажилтай тул тус байрны СӨХ-д мэдэгдээд гэдрэг эргэлээ. Ажил руу явах замд охин л бодогдоод байв. Гадаа тоглох үеийн найзууддаа гэмгүй атаархаад, гэнэтхэн ойрхон санагдаад үсэрчих вий гэхээс үхтлээ айж явсан. Хүүхдээ түгжээд л яваад өгдөг яасан ч бөх зүрх вэ дээ.

 

Энэ охин шиг өөр олон хүүхэд гэртээ түгжигдэж үлдсэнийг үгүйсгэх аргагүй...Учир нь багш нар ажил хаялт зарлаад сургууль нь тэднийг хүлээж авахгүй нөхцөл байдал үүсчихээд байгаа. Мөнгө олохоор ажилдаа явсан ээжийг ч, цалингаа нэмүүлэхээр ажлаа хаясан багш нарыг ч буруутгах аргагүй мэт...Гэвч ард нь гэртээ цоожлогдож үлдсэн бяцхан охин, шинэ хичээл заалгах цаг минутыг хий дэмий өнгөрүүлж буй хүүхдүүдийн аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрх зөрчигдөж байна.

 

Мөнгө чухал, мэдлэг ч чухал...Чухам яах вэ?!

 

Багш нар цалингаа 60-90 мянган төгрөгөөр нэмүүлэхээр ажил хаяж байгаа гэдгийг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг хэлсэн байна. Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Есдүгээр сарын 1-нээс багш, эмч нартай дүйцэх албан тушаалтан болон тэднээс бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэгдүүлнэ. Эрүүл мэндийн салбарт хийсэн судалгаагаар сувилагч нар хамгийн хүнд нөхцөлд, ачаалал ихтэй ажилладаг бол, боловсролын салбарт бага ангийн багш, цэцэрлэгийн багш ачаалалтай ажиллаж байгаа тул албан тушаалын ангилал, зэрэглэлийг нэг шатлалаар ахиулах арга хэмжээ авчээ. Иймд сувилагч нарын цалин 20-30 хувиар, бага ангийн болон цэцэрлэгийн багш, тусгай хэрэгцээт боловсролын сургуулийн багш нарын цалин 14 хувиар нэмэгдүүлнэ” хэмээсэн.

 

Гэвч Засгийн газрын эл шийдвэр багш нарт таалагдаагүй тул ажил хаясан. Ажил хаялт хэзээ зогсож, хичээл сургуулийн үйл ажиллагаа эхлэхийг хэлж мэдэхгүй. Нэмээгүй биш нэмсэн. Дахиад нэмье гэсэн ч төсөв хүрэлцэхгүй байгаа гэх байр суурийг Засгийн газраас илэрхийлсээр байгаа. Нэмэгдсэн ч цалин амьдралд хүрэлцэхгүй тул ажил хаяхаас өөр аргагүй гэдгийг багш нар хэлээд байдаг. Дунд нь гэртээ түгжигдэх нь түгжигдэж сурч боловсрох цаг хугацааг хий дэмий өнгөрүүлсээр, гэмгүй хүүхдүүд хохирсоор...

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин