Отрын бүсэд 752 мянган мал өвөлжүүлэх боломжтой
2018-09-08

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудын 2018-2019 оны бэлчээрийн даацыг тогтоолоо. Уг ажлыг энэ оны наймдугаар сарын 15-25-ны хооронд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Цаг уур, орчны шинжилгээний газар, сумдын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан юм.  

 

 

Энэ жилийн тухайд Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Завхан аймгийн Багахайрхан, Говь-Алтай аймгийн Аргалант, Дорнод аймгийн Чойбалсангийн отрын бүс нутгуудын бэлчээрийн даац сайн, Увс аймгийн Ачитнуур, Ховд аймгийн Баяннуруу, Булган аймгийн Чилэн, Говьсүмбэр аймгийн Малах, Өвөрхангай аймгийн Хөхдэлийн отрын бүс нутгуудын бэлчээрийн даац дунд зэрэг байна.

 

Бэлчээрийн төлөв байдлын урьдчилсан дүн мэдээгээр, 2018-2019 оны өвөл, хаврын улиралд аймаг дундын отрын бүс нутгуудад нийт 751.6 мянган хонин толгой мал өвөлжүүлэх боломжтой гэсэн дүн гарчээ.

Shuud.mn
Сонин хачин