А.Батцэцэг алтан медаль хүртжээ
2018-09-17

“Токио-1964”, “Мехико-1968”, “Мюнхен-1972” олимпийн наадам, дэлхийн долоон удаагийн аварга хуучнаар ЗХУ болон Беларусийн алдарт бөх Александр Медведийн нэрэмжит чөлөөт бөхийн ОУТ энэ сарын 14-16-нд Беларусийн нийслэл Минскт боллоо. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайханы удирдлага дор Минскт манай улсын эрэгтэй нэг, эмэгтэй таван тамирчин хүч үзсэн юм.

 

А.Батцэцэг Минскт нийт дөрвөн барилдаан хийсэн бөгөөд 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Пан-Америкийн хошой аварга АНУ-ын Бека Литерсийг, шөвгийн наймд 2014 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Поожа Жандаг тус бүр оноогоор цэвэр, хагас шигшээд одоогоос зургаан жилийн өмнө “Монголиа Опен”-д түрүүлж байсан АНУ-ын хашир туршлагатай бөх Келси Кэмпбеллийг 9:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Оросын аюарга Ольга Хорошавцева 4:1-ээр ялсан юм.


48 дахь удаагийн уламжлалт тэмцээнд Азербайжан, АНУ, Беларусь, Болгар, БНХАУ, Туркменистан, Серб, Словак, Украин, ОХУ, Бразил, Колумб, Кыргызстан, Казахстан, Унгар, Македон, Монгол, Энэтхэг, Литва, Турк, Перу, Катар, Франц гэсэн 23 орны орны 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.

Shuud.mn
Сонин хачин