С.Чинзориг: Хүнд, хортой нөхцөлөөр 20 орчим мянган иргэн тэтгэврээ тогтоолгосон
2018-10-03

 

Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Хөдөлмөрийн  хүнд, хортой нөхцөлд ажиллаж байгаад тэтгэвэрт гардаг нөхцөл байхгүй болсон гэж ойлгоод байгаа. Одоо энэ эрхийг сэргээж байна. Өнөөдрийн байдлаар хэрэгжиж эхэлж байсан хуулийн үйлчлэх хугацаа зогссоноор тэтгэвэртээ гарч чадаагүй хэдэн хүн байна вэ? Малчдын насыг наашлуулсан хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хууль батлагдтал зохицуулалт хийх журам боловсруулсан. 2017 онд энэ заалтыг хүчингүй болгосон байна лээ. Тиймээс энэ заалтыг сэргээх зайлшгүй шаардлага байгаа. Хуулийг өргөн барьсанаас хойш орон нутгийн нийгмийн даатгалын удирдлагуудад чиглэл өгөөд явж байгаа. Тэтгэврээ тогтоож чадахгүй хүлээж байгаа хүмүүс байхгүй. 20 орчим мянган иргэн хэвийн бус нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгосон гэсэн тоо байдаг.

 

Малчдын тэтгэврийн насыг 5 насаар урагшлуулсан хуулийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн. 5574 малчин тэтгэврээ тогтоолгосон гэсэн судалгаа байгаа. Үүнд 6 тэрбум төгрөг зарцуулсан. Анх жилийн эцсийн мал тооллого дээр малчин өрх гэж бичсэн бол тэтгэврээ тогтоолгож болно гэж үзсэн. Ихэнх орон нутагт жилийн эцсийн А данс архивт байхгүй байсан. Тиймээс Засгийн газрын журамд өөрчлөлт оруулж, орон тооны бус зөвлөл сумдад ажиллуулж байгаа. Энэ орон тооны бус зөвлөлд өргөдлөө өгч, тэтгэврээ тогтоолгох юм. Энэ нь малчдыг өргөн хүрээнд хуулинд хамруулах зорилготой.

 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

 

-Энэ хуулийн төсөл хэрэгтэй зүйл юм. Малчид тэтгэврээ тогтоолгоход хүндрэл учраад байгаа юм билээ. 1990 оноос хойш хөдөө орон нутагт засаг захиргааны бүртгэл явагдаагүй. Тиймээс тэтгэврээ тогтоолгоход хүндрэл учирч байгаа юм. Орон тооны бус зөвлөл малчнаар ажиллаж байсныг нь яаж тогтоож байна вэ?

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Малчнаар ажиллаж байсан гэдгийг нь тогтооход асуудал байсан. Тийм учраас сумын Засаг даргын ахалсан орон тооны бус зөвлөл малчнаар ажиллаж байсныг нь тогтоох Засгийн газрын журам гарсан. Тэтгэврийн насыг нэмэгдүүлсэнтэй холбоотой тэтгэврийн ерөнхий хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг оруулж ирсэн байсан. Засгийн газраас тэтгэврийн насыг уян хатан  болгосон. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн  “Өнөөдрийн хэлэлцэж байгаа хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Бид чуулганы завсарлагааны хугацаанд сумдаар явсан. Орон нутагт малчдын тэтгэврийн насыг урагшлуулсанд талархалтай хүлээж авч байгаа юм билээ. Малчдад мэдээлэл муу хүрч байна. Орон тооны бус зөвлөлийн талаар малчдад мэдээлэл байхгүй байна. Тэтгэврийн сантай холбоотой хэвийн бус нөхцөлөөр 27 мянган иргэн тэтгэвэр авч  байна гэжээ. Гэтэл хууль батлагдаж хэрэгжсэнээр эх үүсвэр хэр нэмэгдэх вэ?” гэсэн асуултад “Эрэгтэй малчин 15 жил, эмэгтэй малчин 12.6 жил малчнаараа ажилласан байх, нийтдээ 20 жил ажилласан байх шаардлагатай. Үүнийг ойлголцоогүйгээс асуудал үүсээд байгаа” гэсэн хариултыг ажлын хэсэг өглөө.

 

Ийнхүү Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт хийж, чуулганы хуралдаанд оруулахаар боллоо.

 

Shuud.mn
Сонин хачин