ШУТИС-ийн шилдэг таван оюутанд тэтгэлэг олголоо
2018-10-03

 

 

Эрчим хүч болон автоматжуулалтын технолиогоор дэлхийд тэргүүлэгч АББ группын зүгээс ШУТИС-ийн шилдэг оюутнуудад тэтгэлэг олгох ажиллагаа өнөөдөр /2018.10..03/ тус сургуулийн төв байранд боллоо. Энэхүү арга хэмжээнд ШУТИС-ийн сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, АББ группын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал С.Эрдэмбаяр, Эрчим хүчний сургуулийн дэд захирал доктор Б.Пүрэвсүрэн, тус сургуулийн цахилгаан инженерийн багш Я.Содбаяр, Геологи уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, тус сургуулийн профессор багш, доктор н.Эрдэнэцэцэг нарын хүмүүс оролцлов.

 

 

АББ групп нь 2015 оноос тус тэтгэлэгт хөтөлбөрийг Их, дээд сургуулиудын шилдэг оюутан залууст жил бүр уламжлал болгон олгож иржээ. Энэ жил тус группын зүгээс 2 оюутанд, албан ёсны дистрибьютор “Монхорус интернэшнл” ХХК-иас 2 оюутанд, “Маймонсоорс” ХХК-иас 1 оюутанд тус тус бүтэн жилийн сургалтын тэтгэлгийг олголоо.

 

 

 

2015 оноос хойш нийтдээ 12 оюутан тэтгэлэг авч, 20 гаруй оюутан сургуулиа төгсөөд ажлын байртай болсон нь АББ группын Монгол Улсын боловсролын салбар болон эрчим хүчний салбарт оруулсан чухал хөрөнгө оруулалт гэдгийг ШУТИС-ийн эрдэмтэн, багш нар хэлж байв.

 

ШУТИС-ийн сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал “ШУТИС гэх том айлын гал голомтод нь, уул уурхайд нь, эрчим хүчинд нь жил бүр тодорхой хэмжээний тэтгэлэг олгож, лабораторийн бааз болон бусад дэмжлэг үзүүлдэг АББ группыг Монгол Улсын инженер, технологийн салбарын хүн бүхэн мэддэг. Дэлхийд танигдсан чанар, стандарт, тоног төхөөрөмж нийлүүлдэг гэдгийг бүгд мэднэ. Дэлхийн аль  ч улсад очоод онгоцноос буухад АББ гэх нэр бичээтэй угтдаг. Энэ үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч компани манай сургуулийн оюутан залуусын сурах нөхцлийг бүрдүүлж, сургалтын чанараа дээшлүүлэх боломж нээж өгч байгаад баяртай байна” гэлээ.

 

АББ группын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал С.Эрдэмбаяр “Манай групп дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, 145 мянган хүнтэй, 500 гаруй үйлдвэртэй, 8000 мянга гаруй эрдэм шинжилгээний судлаач ажилладаг 130 гаруй жилийн түүхтэй компани юм.  Энэхүү компаниас зарлаж буй дараа дараагийн жилийн тэтгэлэгт шалгарахын тулд тухайн оюутан 3,4 дүгээр дамжаанд суралцдаг байх ёстой. Учир нь 1-2 дугаар курсдээ тэтгэлэг авч сурсан ч тодорхой шалтгааны улмаас сургуулиасаа гарах, мэргэжлээ солих тохиолдол их байдаг. Тиймээс мэргэжлээ тууштай сонгосон 3,4 дүгээр курсийн, нарийн мэргэжлийн хичээлээ сонгон суралцаад эхэлсэн оюутанд тэтгэлгийг олгохыг зорьдог. Мөн сурлагын голч дүн 3.2 буюу түүнээс дээш байх ёстой. Түүнчлэн тэтгэлэг хэрэгтэй байгааг бичиг баримтаар нотлох, ирээдүйд Монгол Улсын эрчим хүчний салбарт ихийг хийж бүтээх чадварлаг боловсон хүчин болно гэдгээ үнэмшүүлэх нь чухал" гэв. 

 

 

Тэтгэлэгээс гадна 2016 онд АББ группээс “Цахилгаан хөтлүүр, автоматжуулалт”-ын лабораторийг ШУТИС-ийн ГУУС-д “Цахилгаан станц, дэд станцын тоног төхөөрөмж”-ийн лабораторийг ЭХС-д тус тус /500 гаруй сая төгрөгийн үнэ бүхий/ үнэ төлбөргүйгээр хандивлажээ. Тухайн лабораторуудыг сургуулийн удирдлагын зүгээс АББ группын нэрэмжит лаборатори болгосон байна.

 

АББ групп нь дэлхийн эрчим хүчний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байдаг технологийн компаниудын нэг бөгөөд Монгол улсын эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажлуудад өргөн хүрээнд оролцож шинэ техник технологийг нэвтрүүлсээр ирсэн.

 

АББ групп нь эрчим хүч болон автоматжуулалтын технологиороо дэлхийд тэргүүлдэг компани бөгөөд шинэ техник технологи, инновацын шийдлүүдийг гаргах, хөгжүүлэх, нэвтрүүлэхэд манлайлсаар ирсэн. Дэлхий даяар АББ группын 7 судалгааны нэгдсэн төвүүдэд 8500 эрдэмтэн, дизайнер, инженерүүд шинэ технологи зохион бүтээх, сайжйруулах ажлыг тасралтгүй хийхээс гадна дэлхийн 70 томоохон их, дээд сургуультай хамтран ажилладаг бө судалгаа, шинжилгээний ажилд жилдээ 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт үзүүлдэг байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин