Хуурамч бичиг баримт бүрдүүлж, виз хүссэн 11 иргэнийг яллагдагчаар татна
2018-10-05
Гэрэл зургийг MPA.mn

 

БНСУ-ын Элчин сайдын яамнаас цагдаагийн ерөнхий газарт ханджээ. Тус яамнаас Монгол Улсын иргэд БНСУ-ын виз хүсэхдээ  төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолт, дансны хуулга зэрэг мэдээллийг хуурамчаар үйлдэж байна. Энэ нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байгаа учраас шалгах хүсэлтийг тавьсан байна. 

 

Энэхүү хүсэлтийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан бичиг баримтыг хуурамчаар үйлдэх ашиглах гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. 

 

БНСУ-ын Элчин сайдын яамнаас ирүүлсэн 805 иргэний материалын 50 хувийг нь шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Шалгалтын үр дүнд 7 аж ахуй нэгж, 11 иргэн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Үүний дагуу Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг харъяа прокурорын газарт гаргасан байна. 

 

БНСУ-ын виз мэдүүлхэдээ:

 

-Банкны дансны хуулга 

-Банкинд 5 саяын гэрээ байгуулах 

-Нийгмийн даатгал, татварын ерөнхий газрын тодорхойлолт

-Их, дээд сургуулийн оюутны тодорхойлолт

-Аж ахуй нэгж байгууллагын тодорхойлолт зэрэг бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн зөрчлүүдийг илрүүлжээ.

 

БНСУ-ын визийг мэдүүлэх төлөөлөн гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй 10 байгууллага байдаг. Эдгээр байгууллагаар дамжуулан, тухайн байгууллагаас өгсөн зөвлөгөөний дагуу визний материалыг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин