Экс тагнуулчийг хордуулсан гэх хоёр дахь сэжигтний ҮНЭН-ийг илчлэв
2018-10-09

ОХУ-ын экс тагнуулын ажилтан Сергей Скрипал, охин Юлиягийн хамтаар энэ оны эхээр Британийн Сэлисбури хотын нэгэн худалдааны төвд байхдаа гэнэтийн дайралтад өртсөн юм.

 

 

Тэднийг “Новочик” гэх химийн хортой бодисоор хордуулсан болохыг тогтоосон билээ. Юлия эмнэлэгээс гарсан бол тагнуулч эр ухаангүй хэвээр байна.  Уг хор хүний мэдрэлийн системд нөлөөлж, аажмаар хүний амьсгалыг боогдуулан үхэлд хүргэдэг аж.

 

Британийн тагнуулын байгууллага тагнуулчийг хордуулсан гэх хоёрдахь сэжигтэн Александр Петровын талаарх шинэхэн мэдээллийг цацлаа. Түүнийг жинхэнэ нэрийг Александр Мишкин гэдэг байна. Албаныхан түүний пасспортын зургийг цахим хуудастаа байршуулжээ.

 

 

Александр Мишкин ОХУ-ын тагнуулын байгууллагад ажилладаг ба цэргийн эмч гэнэ. Тэрбээр хэд хэдэн удаа Украин улсад очсон гэх мэдээллийг Британийн талаас өглөө.

 

Британийн тал өнгөрсөн сарын эхээр уг химийн халдлагыг үйлдсэн байх магадлалтай ОХУ-ын хоёр иргэний гэрэл зураг болон хувийн мэдээллийг задруулсан юм. ОХУ-ын иргэн Александр Петров, Руслан Босьёров нарыг гол сэжигтнээр нэрлэжээ.

 

Тэднийг “ОХУ-ын тагнуулын байгууллагад ажилладаг” хэмээн Британийн талаас мэдэгдэв. Гол сэжигтнүүд тагнуулч эр хордох үетэй давхцан Британид жуучлалаар ирсэн нь тогтоогджээ. Тэд Британид ирсэн даруйдаа хэрэг гарсан Сэлисбури хотноо очсон нь сэжигтэй буй гэнэ. 

 

Британийн тал дээрх мэдээллийг нийтэд түгээсний дараахан гол сэжигтнүүд гэх оросууд орон нутгийн хэвлэлд ярилцлага өгчээ.

 

Тагнуулчийг хордуулах нууц ажиллагааг гардан явуулсан гэгдэж буй Руслан Босьёров “Би бол бизнесмэн. Фитнессийн зориулалтай бараа, бүтээгдэхүүнийг хамтрагчийнхаа хамт Орост борлуулдаг. Биднийг тагнуулчийг хордуулсан гэж худлаа ярьж байна. Үнэнийг хэлэхэд тагнуулч хордсон гэдгийг бид мэдээгүй” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин