Өрхийн өсөлтгүй ТӨСӨВ
2018-10-16

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ хэлэлцэж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 6.3  хувийн өсөлттэй гарсан. Мөн  ажил эрхлэлт 3.1 хувиар өсчээ. Гэхдээ энэ хэрээр иргэдийн амьжиргааны түвшин дээшлээгүй нь үнэн.  Ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш унаж, эдийн засаг өссөн ч иргэдийн амьдралд хүртээмжгүй байгааг олон нийт шүүмжилж байгаа. Тэр дундаа иргэдийн хэрэглээний зээл нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гэж Азийн хөгжлийн банк дүгнэсэн бол хэрэглээний зээл нэмэгдсэнээр өрхийн төсвийн дарамтыг нэмэгдүүлсэн гэж сөрөг хүчин шүүмжилж байгаа. Ирэх онд валютын ханш энэ эрчээрээ чангарвал эдийн засагт сөрөг дохио ирнэ гэж тэд анхааруулж байна.

 

Ямартай ч төв банкнаас УИХ-д ирэх онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслөө өргөн барьж хэлэлцүүлж байгаа энэ үед хууль боловсруулагчдын зүгээс ч хэд хэдэн санал гаргах бололтой.  Манай улсын гадаад эрэлт сайн байгаа боловч цаашид буурах эрсдэлтэй байгааг төвбанкныхан үндсэн чиглэлийн төсөлд дурдсан байна лээ. Импортын зардалд том дүн эзэлдэг газрын тосны үнэ өсч байгаа хэдий ч зарим нүүрс болон алтны үнийн бууралт бага байгаа нь манай гадаад худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байхад эерэг нөлөө үзүүлж байгаа.  Мөн уул уурхайн хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж бизнесийн орчин алгуур сайжирч байгааг эрх баригчид онцолдог. Гэхдээ ганцхан уул уурхайн салбарт найдлага тавилгүйгээр бусад салбартаа хөрөнгө оруулалт татах нь чухлыг сөрөг хүчин ч, эдийн засагчид ч хэлж байгаа. 

 

Төгрөгийн ханшийг сулруулж байгаа шүүмжлэлд Монголбанкны удирдлагууд хариу тайлбар хийсээр ирсэн. Импорт тэлж, хүлээгдэж байсан том дүнтэй төлбөрүүд хийгдэж, гадаад өрийн хүүний төлбөр өссөн нь гадаад валютын эрэлтийг нэмэгдүүлж төгрөгийн ханш сулрахад нөлөөлсөн гэж Төв банкны удирдлагууд хэлж байгаа.

 

Сүүлийн жилүүдэд банкны салбараас олгосон иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт эрчимжсэнээс өрхийн өрийн дарамт нэмэгдэж иргэд татварын дараах орлогынхоо дийлэнх буюу дунджаар 69-70 хувийг зээлийн төлбөрт зарцуулж байна гэсэн статистик тоо гарчээ. Тиймээс ч амьжиргааныхаа наад захын хэрэгцээгээ танах эсхүл дахин зээл авах байдлаар зээлийн циклд орох эрсдэл нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилүүдийн  эдийн засгийн хүндрэл банкны зээлийн чанарыг муутгаж, улмаар банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй байдалд сөргөөр нөлөөлжээ.  Гэхдээ иргэдэд хамгийн хүртээмжтэй байгаа нь хэрэглээний зээл. Хэрэглээний зээл хэдийгээр өрхийн төсөвт дарамт учруулж байгаа ч иргэдэд өгөөжөө өгсөөр ирсэн.Тэгээд ч иргэд ямар нэг хэлбэрээр зээлтэй тохиолдолд өрхийн төсөв өснө гэж үлгэр. Ер нь эдийн засгийн өсөлтийг өрхийн төсвийн өсөлтөөр тодорхойлж баймаар. Төсвийн байгууллагын цалин нэмэгдэх ч айл өрх, иргэд зээлтэй нөхцөлд амжиргаанд мэдрэгдэх нь юу л бол. 

 

Нөгөө талаас банкны салбарын зээлийн чанар сайжраагүй харин ч чанаргүй зээл нэмэгдсээр байгаа гэнэ.  Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны наймдугаар сард өмнөх оны мөн үеэс  8.5 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 16.5 хувиар өсчээ. Иймээс банкны салбарын тогтвортой байдал, эрсдэл даах чадварыг хадгалах хүрээнд банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай гэж Монголбанк үзэж байгаа юм. Цаашлаад ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа  Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр дууссаны дараах гурван жилд эргэн төлөгдөхөөр хүлээгдэж байгаа гадаад өрийн хэмжээ өндөр байгаа нь дунд, урт хугацаанд эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй аж. Иймээс дунд, урт хугацаанд гадаад өрийн дарамтыг бууруулахын тулд төсвийн төлвийг үргэлжлүүлэн хатуу хадгалахын зэрэгцээ гадаад секторын тэнцвэртэй байдлыг алдагдуулахгүй, тэр дундаа гадаад худалдааны тэнцлийг ашигтай гаргахад чиглэсэн макро эдийн засгийн бодлогын арга хэмжээг цогцоор нь тодорхойлж, ирэх оноос хэрэгжүүлэх юм байна.

 

Дэлхийн банк, ОУВС-тай тохиролцсоны дагуу  энэ онд ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж,  Монголбанкны эх үүсвэрээс нийт 127.7 тэрбум төгрөгийн санхүүжилт, Засгийн газрын эх үүсвэрээс 59.6 тэрбум төгрөгийн санхүүжилт буюу нийт 187.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгожээ.  Харин ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт сул байгааг сөрөг хүчин шүүмжилж байгаа юм. “Засгийн газар, Монгол банкны хамтарч хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг эрх баригчид хүчингүй болгож, Ирээдүйн өв сангийн тухай хуулиар зохицуулах шийдвэр гаргасан. Энэ нь үр дүнгүй шийдвэр гэдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаа харууллаа. Засгийн газар, Монголбанкны хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлагатай” гэж сөрөг хүчин үзэж байна лээ.

 

УИХ дээр ч валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр энэ намрын чуулганаар Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж байгаа. Энэ хуулийн төслөөр хөрөнгө оруулагчдад хууль эрзүйн таатай орчныг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм. Үүнтэй зэрэгцээд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхээр санал нэгдсэн. Эдгээр хуулийн төсөл батлагдсанаар хөрөнгө оруулагчид  хөрөнгөө байршуулах боломжийг нээж өгч, цаашлаад валютын урсгалыг өөр рүүгээ татах таатай нөхцөл бүрдэнэ гэж хууль боловсруулагчид үзэж байгаа.

 

Ийнхүү ирэх онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд дурдсан инфляцийг 2019-2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувь орчимд тогтворжуулах Монголбанкны зорилт гадаад валютын улсын нөөцийг  хэр нэмэгдүүлэхээс хэрэгжилт нь хангагдана. Цаашлаад валютын нөөц нэмэгдэж, ханш нь сулрахын хэрээр эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд мэдрэгдэнэ. Түүнээс бус цаасан дээрх өсөлтийг эрх баригчид мянга давтаад агаарт хийсэн үү гэхээс өрхийн төсөвт нь мэдрэгдээгүй нөхцөлд иргэдэд иргэдэд юуны хамаа. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин