Ерөнхийлөгч Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
2018-10-19

 

 

Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцох үеэрээ улс, орнуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай хоёр талт уулзалт хийхээр төлөвлөсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эхний хоёр талт уулзалтаа Германы Канцлер Ангела Меркельтэй уулзсанаар эхлүүллээ.

 

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Германы Канцлер Ангела Меркель нар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр тулан уулзаж, хоёр улсын харилцаа, Ази ба Европын асуудлаар ярилцах завшаан тохиож буйд харилцан талархал илэрхийлсэн юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг бодитоор, харилцан ашигтай хөгжүүлэхийн чухлыг онцлоод түүнийг 2011 онд Монгол Улсад айлчлах үеэрээ ярилцаж, эхлүүлэхээр төлөвлөсөн ажлууд зогсонги байгааг дурдав. Энэ айлчлалын үеэр Монгол-Германы Засгийн газар хоорондын түүхий эд технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр улсын хамтарсан Эдийн засгийн хороо байгуулж, тухайн үед Герман улсын талаас хариуцах хүмүүс томилогдсон ч одоо өөр ажилд томилогдсон гэх мэт шалтгаанаар эзэнгүй болсныг сануулсан юм.

 

Мөн малын гаралтай бүтээгдэхүүнийг тус улсын технологиор боловсруулан БНХАУ гэх хөрш том зах зээл рүүгээ нэвтрэх боломжтойг дурдаж, Монголын залуу бизнесмэнүүдтэй энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой талаар ярилаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уул уурхай, шинэ хот байгуулах, малын гаралтай түүхий эдийг нано болон биотехнологиор боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэж онцлоод Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх хамгийн чухал алхмуудын нэг нь шинэ эко хот байгуулах гээд төслийн талаар тодорхой танилцуулсан юм.

 

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Ази-Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг Монгол Улс амжилттай зохион байгуулж байсан талаар дурдаад хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг эрчимжүүлэхийн тулд хариуцсан эзэнтэй болгохоо мэдэгдлээ. ХБНГУ-ын Канцлер эко хот байгуулах саналд ихээхэн анхаарал хандуулж, Германы Барилга, дотоод хэргийн яамны Барилгын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Адлерыг Монгол Улсад айлчлуулахаар болов. Герман улсын архитектор, мэргэжилтнүүдийн боловсруулсан зураг төслөөр Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах уг төслийг ХБНГУ-ын Канцлер анхаарч ажиллахаа мөн мэдэгдлээ.

 

Талууд цаашид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэх болон шинжлэх ухаан судалгаа, технологийн чиглэлээр хамтран ажиллах талаар  дэлгэрэнгүй санал солилцож ярилцсан юм.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зөв зөв сайн ажиллах хэрэгтэй ерөнхийлөгчид амжилт хүсье, хэрэгжихгүй л байгаа болохоос бас өмнөхүүдээ бодвол нааштай санал хэлээд дээш нь бичиг баримт явуулаад байгаа юм шүү,3 өндөрлөг гар санаа нийлж байж улс орон хөгжинө иймд түмэн олон бүгдэд нь шахалт сайн үзүүлэх хэрэгтэй, болохгүй бол Эх орноо бодож үтэр түргэн зайлуулах хэрэгтэй байна, ер нь яахаараа улс орноо гэсэн сэтгэлгүй юмнууд эзэгнэчихээд буг чөтгөр шиг салдаггүй юм бэ, соц үед төрийн тэргүүнийг бүгд хурал дээр шүүмжилсэн хүн ямар хугацаанд ямар арга хэмжээнд хүрч байсныг бид санадаг төр ийм байх ёстой ерөнхийлөгч зоригтой алхам хийх хэрэгтэй ярих бичиг цаасаар цаг нөхцөөх хэрэггүй,болохгүй бол онц байдал зарлаж болно зориг зүрх гаргаж төрөө цэвэрлэ гэж түмэн олон сонгосон шүү.
2018-10-20
агаарт хий хоосон лоозон үг цацаад ирдэг байсан хүмүүсийг бодоход газартаа ойр ажил хэрэг болохуйц үг ярьсан нь сайн байна ш дээ
2018-10-19