Хятадын эдийн засаг хүчирхэгжиж, Япон тусламжаа зогсоолоо
2018-10-24

Японы Засгийн газар дахин БНХАУ-д тусламж, зээл олгохгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар “www.asahi.com” болон “www.bloomberg.com” сайт мэдээлэв.

 

 

БНХАУ-ын эдийн засаг хурдацтай өсөн тэлж, эдийн засаг нь улам хүчирхэгжсээр байна.

 

Бээжин эдийн засгийн хувьд хараат бус болсон учир Японы Засгийн газар БНХАУ-д үзүүлдэг (ODA-Official Development Assistance) тусламжаа зогсоохоор шийдвэрлэжээ. Их наран улс 40 жилийн өмнө дээрх тусламжийн хөтөлбөрийг баталж, улмаар БНХАУ-ыг хамруулсан билээ. 1970 оны үед БНХАУ ажилгүйдэл, ядуурал дээд цэгтээ хүрсэн, эдийн засгийн хувьд тогтворгүй, хөгжиж буй орон байв.

 

Бээжин өнгөрсөн хугацаанд “хатуу бодлого” баримталж, өдгөө дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон болж чаджээ. Японы эрх баригчид дахин “БНХАУ-д тусламж үзүүлэх шаардлагагүй” хэмээн шийдвэрлэсэн байна.

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абе маргааш БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо айлчлал хийх ба тус улсын Ерөнхийлөгч Си Зиньпинтэй уулзах үеэрээ дээрх шийдвэрээ танилцуулахаар болжээ.

 

2011 оноос хойш Японы Засгийн газрын тэргүүн Бээжин хотноо айлчлаагүй юм. “Бээжин, Токиогийн шийдвэрт тийм ч их урам хугарахгүй байгаа. Учир нь Токио тусламжаа зогсоох нь Бээжинг хүчирхэг болсныг илтгэх үйл явдал” гэж “www.bloomberg.com” сайт мэдээлэв.  

 

40 жилийн турш үргэлжилсэн дээрх тусламж энэ оны эцэс гэхэд дуусгавар болох ба БНХАУ-ын Засгийн газар шийдвэрийг хүлээн авахаа илэрхийлсэн байна.

 

Японы Засгийн газар 1979 оноос хойш БНХАУ-д нийтдээ 3.65 их наяд иен /32. тэрбум ам.доллар/-ын зээл, тусламж үзүүлсэн байна. Бээжин эдгээр тусламжийн ихэнхээр технологийн салбар, зам тээвэр, дэд бүтцээ орчин үеийн түвшин гаргахад зориулсан аж.  2016 онд Токио, Бээжинд 500 сая иений буцалтгүй тусламж үзүүлжээ.

 

Токио саяхнаас “ODA” төслийн санхүүжилт Бээжинд шаардлагатай эсэхэд эргэлзэж, 2007 оноос хойш бага хүүтэй иений зээл Бээжинд олгоогүй гэнэ.

 

2010 онд Бээжин үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Японыг ардаа орхиж, дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаар бичигдэх болсон юм. Найман жилийн хугацаанд Бээжин уг байр сууриа хадгалсаар байна.

 

 

Токио “ODA” төслийн хүрээнд хөгжиж буй улс орнуудад тусламж үзүүлэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлэн өнгөрсөн таван жилийн хугацаанд сургууль, цэцэрлэг барих, халдварт өвчнүүдтэй тэмцэхэд олон тэрбум иенийг зарцуулжээ.

 

Дэлхийн II дайны үед Япон, Хятадыг колончилж, алан хядах ажиллагаа явуулж, их цус урсгасан түүхтэй. Гашуун үнэнийг арилгаж болохгүй ч өнгөрсөн хугацаанд Японы эрх баригчид дайны үеийн хохирогчдоос уучлалт хүсч байжээ. Жилээс жилд Токио, Бээжингийн харилцаа ДОТНО болсоор байгаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын эсрэг хатуу хориг тавьж, хоёр улсын дунд хэзээ дуусах нь тодорхойгүй ХУДАЛДААНЫ ДАЙН дэгдээд буй юм. Энэ зөрчилдөөнтэй үед Токио, Бээжингийн харилцаа улам сайжирч, эдийн засгийн харилцаагаа тэлэхээр тохиролцоод байна. 

 

Ерөнхий сайд Абе, Трампын эдийн засгийн хориг арга хэмжээг эрс буруутгаж буй юм.

 

Эдийн засгийн салбарт Токио, Бээжингийн харилцаа дулаарсан ч маргаантай бүс нутгийн асуудалд нэг нэгэндээ буулт хийхээс эрс татгалзаж, олон жил дайсагнасан харилцаатай байдаг.

 

Өмнөд Хятадын тэнгис дэх Сенкаку гэдэг арлыг хятадууд 1894-1895 оны хооронд нээн илрүүлсэн ч дайны үеэр япончууд асар их байгалийн баялагтай уг арлыг өөрийн газар нутгийн нэгээхэн хэсэг болгон авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин