2019 оны улсын төсвийг баталлаа
2018-11-02

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаанаар 2019 оны улсын төсвийн төсөл, дагалдах хуулиудыг хэлэлцэн баталлаа. 

 

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 1,553,399.2 сая төгрөгөөр, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 144,699.2 сая төгрөгөөр тус тус батлав. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2019 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 322, 000.0 сая төгрөгөөр баталлаа. Мөн Засгийн газар 2019 оны төсвийн жилд шинээр хийх зээллэг болон өрийн баталгааны дээд хэмжээг2,169,099.9 сая төгрөг байхаар батлав.  

 

Түүнчлэн Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс төвлөрүүлэх орлого, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг баталсан юм. Түүнчлэн Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалт, Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2019 онд сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэгийн хэмжээг хавсралтаар тус тус баталлаа.

 

Ингээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.5 хувийн саналаар бүхэлд нь баталснаар үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа. 

 

Үдээс хойш 2019 оны Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын төсвийн тухай хуулийг батлах хэлэлцүүлэг явуулах юм.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сангийн сайд Хүрэлбаатарт баярлалаа.Аймаг хот сумуудад бидны контор,зугаацах соёлын төвийг шинээр олныг барихаар төсөвт тусгаж өгсөн.Аймгуудад малын арьс шир боловсруулах үйлдвэр барихад хөрөнгө оруулалт хийхгүй байх нь дарга нар бидэнд ашигтай шүү.Хэрэв үйлдвэр аж ахуйн газар олон болвол ядуучууд ажилтай болно,малчид мөнгөтэй болно тэгээд ажилтай орлоготой болчихсон хүмүүс сонгуулиар биднээс хэдхэн төгрөг авч санал өгөхөө больчихно.Хүрлээд амжилт хүсье.
2018-11-03