25 дугаар тусгай сургууль цахилгаан шаттай боллоо
2018-11-10

Монголын анхны тусгай боловсролын сургууль болох 25 дугаар сургуульд цахилгаан шат, тайвшруулагчтай хонх, зориулалтын бариул, алхаж сурахад дэмжлэг үзүүлэх төхөөрөмжүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусгайлан зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн болон биосуултуур зэргийг “Оюу толгой” компанийн 140 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэжээ. 

 


25-р сургууль нь 1967 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөг хүртэл өөрсдийн боломжоороо оюуны болон бие бялдрын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Хөгжлийн бэрхшээл нь хүндэрч, хавсарсан байх тусмаа орчны сайжруулалт хийх хэрэгцээ нэмэгдсэн бөгөөд цахилгаан шаттай болох шаардлага тулгамдаад байсан ажээ. Тус сургуульд нийт 250 гаруй сурагч суралцаж, 56 багш ажиллаж байгаа бөгөөд сурагчдын эцэг эхчүүдийн 80-90 хувь нь амьжиргааны түвшнээс доогуу орлоготой учир ар гэрээс хандив цуглуулж орчноо сайжруулах, хичээлийн тусгай хэрэглэгдэхүүн бэлтгэх боломж хомс байдаг байна.


Түүнчлэн багш ажилчид, эцэг эхчүүд тэргэнцэртэй хүүхдийг шатаар өргөх, зөөх шаардлагагүй хичээл сургалтдаа илүү анхаарал хандуулах бүрэн боломж нээгдэж байгаа юм. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр “Оюу толгой” компаниас хэрэгжүүлсэн зургаа дахь төсөл билээ. “Оюу толгой”-гоос дараах зургаан төслийг санхүүжүүлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд чөлөөтэй ажиллаж амьдрах, сурч боловсрох бололцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа аж. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин