Нүүрс тээвэрлэлтийн замд үүссэн цувааг цэгцэлжээ
2018-11-28

 

Өнөөдрийн байдлаар тус чиглэлд тээврийн хэрэгслийн цуваа, дараалалгүй болсон бөгөөд тээврийн хэрэгслүүдийг Гаалийн хяналтын бүсүүд болон задгай талбайд бүрэн байршуулж дуусаад байгаа аж.

 

Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Өмнөговь аймгийн Гашуунсухайт, БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслийн дараалал энэ сарын 06-ны өдрөөс эхлэн 130-140 км-т хүрч, нийт 6500 орчим тээврийн хэрэгслийн цуваа үүсээд байсан юм.

 

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээвэр зохион байгуулалттай холбоотой арга хэмжээ авч, холбогдох байгууллагуудтай хамтран нүүрс тээвэрлэлтийн замд үүссэн цувааг зохион байгуулж, цэгцлэх ажлыг явуулжээ. Тухайлбал, уурхайн ачилтуудыг түр зогсоон хил, гаалийн байгууллагуудтай хамтарч нүүрс тээвэрлэлт хэвийн болох хүртэл лац олгохгүй байхаар зохион байгуулж, Оюутолгойн авто замаар ачаагүй тээврийн хэрэгслүүдийг явуулахаар зохион байгуулсан байна.

 

Мөн Автотээврийн үндэсний төв, Гашуунсухайт авто замын гэрээт цагдаагийн тасагтай хамтран Гашуунсухайт авто замын эсрэг урсгалын хөдөлгөөнийг хааж, хоёр эгнээгээр 1700 гаруй тээврийн хэрэгслийн цувааг татаж, Цагаан хаданд буулгах арга хэмжээг авчээ. Түүнчлэн тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудын кемпид жолооч нарыг байрлуулж, дараалалд байгаа жолооч нараа хоол хүнс, дулаан хувцас, түлш болон шаардлагатай бусад зүйлээр ханган ажиллах үүрэг чиглэл өгсөн байна.

 

Уурхайн ачилтыг түр хугацаагаар зогсоох болсонтой холбогдуулан жолооч нарыг Цагаан хад–Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэх ажлыг Автотээврийн үндэсний төвөөс зохион байгуулжээ.

Shuud.mn
Сонин хачин