ДНБ-ий бодит өсөлтийн 14.3 хувийг барилгын салбар эзэлж байна
2012-01-16

Дотоодын нийт бүтээгдэхүүн гэж юуг хэлээд байгааг  эхлээд тайлбарлая. Тодорхой хугацаанд тухайн оронд шинээр бүтээгдсэн бараа болон үйлчилгээнүүдийн зах зээлийн үнийн нийлбэрийг ДНБ гэж байгаа юм.  Тэрчлэн  нэг хүнд оногдох ДНБ нь улс орнуудын амьжиргааны түвшинг заагч болдог. ДНБ-ийг үйлдвэрлэлтийн, ашиглалтын, хyваарилалтын гэсэн гурван аргаар тооцдог. Өөрөөр хэлбэл Дотоодын нийт бүтээгдэхүүнд Монгол улсын хил дотор байгаа бүх үйлдвэрлэлийг оруулж тооцно. Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг нь гадаадад байгаа монголын иргэн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг оруулж тооцдог гэсэн албан ёсны ойлголт байна. Тэгвэл ҮСХ-ноос өгч буй мэдээллээр Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ 2011 оны урьдчилсан гүйцэтгэлээр, оны үнээр 10829.7 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 4881.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос оны үнээр 27.8 хувь, зэрэгцүүлэх үнээр 17.3 хувиар тус тус өслөө. ДНБ-ий 2011 оны бодит өсөлтөд бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 42.5 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарынх 16.0 хувь, барилгын салбарынх 14.3 хувь, уул уурхай, олборлох салбарынх 8.7 хувь тус тус өссөн нь голлон нөлөөлж байна. Эцсийн ашиглалтын аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2011 оны урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 10899.9 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 4906.5 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос оны үнээр 2440.3 тэрбум төгрөг  буюу 28.8 хувь, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 723.5 тэрбум төгрөг буюу 17.3 хувиар өслөө. Уг өсөлтөд нийт хуримтлалын өсөлт голлон нөлөөлсөн байна.  
Shuud.mn
Сонин хачин