"Huawei"-ийн захирлыг БАТЛАН ДААЛТ-аар суллахаар боллоо
2018-12-12

 

БНХАУ-ын "Huawei" компанийн Санхүү хариуцсан захирал Мэн Ванжоуг энэ сарын 1-нд Канадын цагдаагийнхан баривчилсан билээ.

 

АНУ-ын хүсэлтээр уг баривчилгааг явуулсан гэж Канадын талаас мэдээлэв. Гэхдээ Канадын Засгийн газар энэхүү асуудалтай холбоогүй гэдгээ Ерөнхий сайд Жастин Трудо уламжлаад буй юм. 

 

Өдгөө 47 настай Ванжоуг АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчиж, Иран улсад технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн хэмээн буруутгажээ. 

 

Ванжоу өөрийгөө буруугүй, ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэж мэдэгдэж, батлан даалтаар гарах хүсэлтээ илэрхийлсэн юм. 

 

Канадын шүүх уг хүсэлтийг хүлээн авч, түүнийг батлан даалтаар суллахаар болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Тэрбээр 10 сая канад долларын барьцаа төлж, хэсэг хугацаанд гэр бүлтэйгээ уулзахаар болжээ. Барьцааны мөнгөний 7.5 сая ам.долларыг гэр бүл нь бэлнээр төлсөн гэх мэдээллийг ойрын эх сурвалж, "AFP" агентлагт мэдээлэв.

 

Канадын тал Ванжоуг АНУ-ын талд шилжүүлэн өгөхөөр төлөвлөж буй юм. Хэрвээ Ванжоу хориг арга хэмжээг зөрчсөн нь үнэн бол хамгийн багадаа 30 жилийн ял сонсч магадгүй байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин