ОУИМ Д.Эрдэнэбилэг дэлхийн чансааны 65-д бичигдлээ
2019-01-02

Улирал тутамд бодогддог Дэлхийн даамын холбооны чансаа шинэ оны анхны өдөр гарлаа. Шинэчлэгдсэн рейтингээр манай 31 тамирчин шинээр FMJD ID-тай болж, Дэлхийн даамын холбоонд албан ёсоор нэрээ данслуулсан байна. Тодруулбал, өнгөрөгч арванхоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд болсон блиц, рапид тоглолтын УАШТ-ий дүнд олон улсын чансаа боджээ.

 

 

Монголын даамчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2292 оноогоор нийт тамирчдаа манлайлсан бөгөөд энэ нь дэлхийд №65-д эрэмбэлэгдэх амжилт юм. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард БНХАУ-д зохиогдсон “Лишуй Опен 2018” олон улсын тэмцээнд амжилттай тоглож, чансаагаа +6 пунктээр ахиулжээ. Харин эмэгтэйчүүдийн чансааг Голланд улсад амьдарч, тэндхийн лигт тоглож буй ДДХМ Н.Мөнхтуяа 2079 оноогоор тэргүүлж, 15 настай СМ Б.Мишээл 2062, 12 настай ДМ Н.Лхагвадолгор 2060 оноогоор удаалжээ.

 

Олон улсын тэмцээнд идэвхтэй оролцдог улсуудыг чансаагаар ангилахад Монгол Улс нээлттэй ангилалд 16-р, эмэгтэй ангилалд 9-р байранд тус тус бичигдлээ.

 

Уг чансаагаар Монголын даамчдаас шинээр олон улсын цол хүртсэн тамирчин хараахан гарсангүй. Хэдий тийм ч “Лишуй Опен 2018” тэмцээнээс СМ Б.Мишээл эрэгтэйчүүдийн Олон улсын мастер цолны 1 балл, ДДХМ Э.Хүслэн эрэгтэйчүүдийн Дэлхийн даамын холбооны мастер цолны 1 баллыг биелүүлжээ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин