Э.Амартүвшингээс эхэлсэн “BBC Cardiff Singer of the World”-ын үргэлжлэл
2019-01-05

Хоёр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сонгодог урлагийн оргилыг шалгаруулах “BBC Cardiff Singer of the World” тэмцээний сүүлийн шатанд өрсөлдөх дуучид тодорчээ. Энэ удаад дэлхийн өнцөг булан бүрээс 400 гаруй алтан хоолойтон өрсөлдөж, 19 дуучин тунаад байна. Үүнд Монгол Улсаас ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Ч.Бадрал багтаад байгаа юм. Тэд ирэх зургаадугаар сард Уэлсийн Кардифф хотноо шилдгээ тодруулах аж. Тэгвэл дэлхийн хэмжээний дуучин тодруулах тус тэмцээнд манай дуучид хэдийнээс алдар нэр, авьяас чадвараараа цуурайтаж эхлэв. Түүх сөхье.

 

Дэлхийн “Риголетто” Э.Амартүвшин

 

 

“BBC Cardiff Singer of the World” буюу “Дэлхийн дуурийн дуучин Кардифф” уралдаанд анхлан амжилттай оролцож, монгол дуучдын гэгээн мөрийг зурсан уран бүтээлч бол гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин билээ. Тэрээр 2015 онд энэ уралдаанд оролцож, сопрано хоолойт агуу дуучин Сазерлендын нэрэмжит тусгай шагналын эзэн болсон байдаг. Энэ үеэс дэлхийн сонгодог урлаг Монголын зүг анхаарал хандуулж эхлэв. Э.Амартүвшингийн тухай нэвтрүүлэг бэлтгэж, тал нутагт, морин дэл дээр салхи татуулан давхиж явсан монгол дуучны авьяасыг дэлхий үнэлж эхэлсэн байдаг. Э.Амартүвшин Сүхбаатар аймагт 1986 оны гуравдугаар сарын 23-нд төрсөн.


Тэрээр багадаа тун ичимхий, зөрүүд хүүхэд байжээ. Хүний хажууд дуулахаасаа санаа зовдог байсан тул хонь хариулж явахдаа дуулдаг байсан аж.


Түүний өвөө А.Ухна Монгол улсын манлай уяач. Э.Амартүвшин багадаа өвөөгийндөө байнга очиж, мал хариулж, хурдан морины уяан дээр өсчээ. Түүний авьяасыг нээж, дэлхийн хэмжээний дуучин болгосон хүн бол гавьяат багш, дуурийн дуучин Ц.Ерөө юм. Э.Амартүвшин одоогоор дэлхийн алдартай театруудад урилгаар дуулдаг дэлхийн хэмжээний дуучин хэдийнэ болжээ. Түүний нэрийн хуудас ж.Вердийн алдарт “Риголетто” юм.

 

Хоёр том шагналыг өвөртөлсөн Г.Ариунбаатар

 

 

Э.Амартүвшингийн араас тус уралдаанд амжилт гаргасан уран бүтээлч бол гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар билээ. Тэрээр 2017 онд “BBC Cardiff Singer of the World” буюу “Дэлхийн дуурийн дуучин Кардифф” уралдааны шилдэг таван дуучны нэгээр шалгарч, дууны төрөлд тэргүүн байр эзэлж амжилтын буухиаг үргэлжлүүлсэн юм. “BBC” түүний тухай онцолж байв. 2015 онд дэлхийн дуурийн урлагийн өнгийг тодорхойлж, дэлхийн дуучныг тунхагладаг П.И.Чайковскийн  олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Гавьяат жүжигчин, Г.Ариунбаатар анх удаагаа эх орондоо “Тэргүүн байр”-ын шагналыг авчирч, дэлхийд данстай дуучин болсноо харуулсан юм. Монгол дуучны хоолойг дэлхий биширч, өргөн уудам тал нутагт өссөн монгол хүний хоолой гайхалтай юм гэж магтацгааж байв. Ийнхүү тэрээр дэлхийд хамгийн нэр хүнд зэрэглэл өндөртэйд тооцогддог хоёр тэмцээнд тэргүүлсэн анхны монгол дуучин гэж дэлхийн дуурийн урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн гавьяатай. Үүнээс цааш түүнийг урлагийн дардан, гэгээн зам хүлээж буй.

 

Дараагийн Кардифф Ч.Бадрал

 

 

Харин энэ цагийн шилдэг дуучдын нэгээр нэрлэгдэж, дараагийн “Дэлхийн дуучин” хэмээн үнэлэгдээд буй авьяастан бол ЦДБЭЧ-ын дуучин Ч.Бадрал юм. Тэрээр Италийн алдарт “CHIGIANA” академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition-2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг эзэлж, “Golden Star-2018” шагналын эзэн болсон юм. Олон улсын тус тэмцээн нь зургаан сарын турш дэлхийн олон оронд зэрэг явагдаж, 1870 дуучин өрсөлдсөн байна. Ч.Бадрал ОХУ-ын Москва хотын Гнесиний нэрэмжит хөгжмийн академийг дүүргээд ЦДБЭЧ болон ОХУ-ын Магнитогорскийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна.

 

Тэрээр 2014 онд М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны дэд байр, 2015 онд ОХУ-ын ардын жүжигчин дэлхийн шилдэг дуучдын нэг Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байр, нэрт хөгжмийн зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын төрөлд тэргүүн байр эзэлсэн амжилттай яваа дуучин юм. Мөн олон улсын “Вива опера” фестивальд урилгаар оролцож, Улаан талбайд “Спаскийн цамхаг” цэргийн хөгжмийн наадамд оролцон, 10 мянган үзэгчийн өмнө дуулсан анхны монгол дуучин болсон билээ.

 

Эх сурвалж: www.polit.mn

Ч.ТУЛГА 

Shuud.mn
Сонин хачин
Энхболдыг огцоруулах хууль санаачлах нь Үндсэн хуульд дордохын 7 заалт оруулсантай нэгэн адил маш их урхаг хор уршигтай. Энхболдын дараах УИХ-ын олон олон дарга нар хурдан хурдан огцорч УИХ-ын үйл ажилллгаа улам улам гацах болно. Ийм хууль санаачилж байгаа этгээдүүд бол мөн чанартаа Монгол төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа гэмт этгээдүүд юм.
2019-01-06
МОНГОЛД САЙН МАТЕРИАЛУУД БИЙ. ХЭЛЭН ДЭЭР НЬ АНХААРАХ НЬ ИХ ЧУХАЛ ШҮҮ. ОРОС, ИТАЛИ, ГЕРМАН,ФРАНЦ,АНГЛИ ХЭЛ ЗААЖ ЭДГЭЭР ХЭЛ ДЭЭР ДУУЛДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ХЭЛГҮЙ БОЛ ҮНЭНДЭЭ ДУУРИАР ЯВНА ГЭЖ БАЙХГҮЙГ ЗАЛУУЧУУД Ч ГЭСЭН САЙН УХАМСАРЛАХ ХЭРЭГТЭЙ
2019-01-05
Э.АМАРТВШИН ИЛҮҮ ИЛҮҮ:
АМАРТҮВШИН АРИУНБААТРААС ИЛҮҮ ТОСЛОГ ГОЁ ХООЛОЙТОЙ.
2019-01-05
дуурь сонирхогч:
Монголын СУИС-ийн дуурийн фак герман, франц, итали, орос хэлээр сургалтыг нь явуулах хэрэгтэй! Юутюб дээрх дуурийн сонирхогчид манай дуучдын хэллэгийг ихээхэн голох юм бнлээ! Дэлхийн дуурийн зах зээлийн 90 хувь герман хэлтэй үзэгчид бхим бнлэшүү!
2019-01-05