Америк цэргүүд Сири дэх курдуудыг Туркээс хамгаална
2019-01-11

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ оны анхны айлчлалаа Ойрхи Дорнодын орнуудаас эхлүүлээд буй юм.

 

 

Түүний эхний зогсоол бол Ирак улс бөгөөд тэрбээр өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Бархам Салих болон Ерөнхий сайд Адел Абдул Махди нартай уулзжээ. Шинэ оны өмнө Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Иракт гэнэтийн айлчлал хийсэн ч тэрбээр тэдэнтэй уулзаагүй нутаг буцсан нь иракчуудыг гайхшруулсан билээ.

 

Майк Помпео Багдадын удирдлагуудтай уулзах үеэрээ Сириэс цэргээ гаргахаар төлөвлөж, ажил хэрэг болгож буй талаараа дуулгаж, санал бодлыг нь сонссон байна. 

 

Сайд "Бид Сириэс цэргээ гаргахад яарахгүй байгаа. Нөхцөл байдлыг сайтар ажиглаж, буйр суурьтай шийдвэр гаргах учиртай. Тиймээс хэсэгтээ АНУ-ын цэргийн албан хаагчид Сирид үүрэг гүйцэтгэх болно" гэж мэдэгдлээ. 

 

Тэрбээр Багдад хотноо айлчлахаас гадна Ирак дахь курдуудын төв Эрбил хотноо зочилж, албаныхантай уулзжээ. 

 

Уулзалт тун үр дүнтэй болж, АНУ, Сириэс цэргээ гаргасан ч үргэлжлүүлэн тус улсын курдуудыг Туркийн довтолгооноос хамгаалахаа амлажээ.

 

Туркийн эрх баригчид өнгөрсөн хугацаанд алан хядах "Исламын улс" бүлэглэлтэй тэмцэх нэрийдлээр Сири дэх курдуудыг гол байгаа болгож, заналхийлж буй юм. Туркийн газар нутагт болсон олон террорист халдлагуудыг "курдууд зохион байгуулсан" гэж Анкара үзэж байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин