Спортын салбар дахь булхайг солонгос бүсгүйчүүд илчиллээ
2019-01-23

Өмнөд Солонгосын тамирчин бүсгүйчүүд #MeToo хөдөлгөөнд нэгджээ. Энэ талаар “ВВС” сайт мэдээллээ.

 

 

Өвлийн олимпийн тэшүүрийн төрөлд Өмнөд Солонгосын баг тамирчид тэргүүлдэг билээ. Төр засаг ч спортод үзүүлэх хайр халамжаа нэмэх, тамирчдад ихээхэн дэмжлэг үзүүлсэн болсон нь Солонгос охид, бүсгүйчүүд спортын салбарт олноороо элсэх гол шалтгаан болж байна.

 

Тэшүүрийн тамирчид олимп гэлтгүй олон улсын зэрэглэлтэй тэмцээнд тэргүүлэгчийн байр сууриа хадгалж, эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгасаар буй юм.

 

Солонгосын тэшүүрийн спорттой холбоотой сөрөг мэдээлэл олон улсыг гайхшруулж эхэллээ. Учир нь тус спортын төрлөөр хичээллэдэг охид, бүсгүйчүүд олон жилийн турш бие махбодын хүчирхийлэл болон бэлгийн дарамттай нүүр тулж байснаа илчилж, эхэлжээ.

 

Спортын салбарт олон жил оршин тогтносон нууц үнэний талаар олимпийн хошой аварга, тэшүүрийн нэрт тамирчин Шим Сук Хи нийтэд илчилсэн юм. Тэрбээр “Би бага наснаасаа тамирчин болохоор шаргуу хөдөлмөрлөж, олон саад бэрхшээлийг үл тоон зөвхөн урагшилж байсан. Хүнд хэцүү дасгал сургуулилт намайг олон удаа уйлуулж байсан ч би гэр бүлийнхээ төлөө хатуужсаар ирсэн. Гэхдээ хамгийн хэцүү нь хүнд дасгал сургуулилт биш. Эмэгтэй хүний хувьд хамгийн нандин, ариун зүйлээ хамгаалахад хүндрэл тулгарах үе байв. Би нэг бус удаа бэлгийн дарамттай нүүр тулж, бие махбодийн хүчирхийллээс зайлсхийх боломжгүй үетэй олон ч удаа тулгарсан. Энэ бүхнийг ярих надад амаргүй байна. Гэхдээ би залуу үеийнхээ төлөө энэ бүхнийг нийтэд илчлэв” гэж ярьжээ.

 

 

Тамирчин бүсгүйн илэн далангуй байдал олон зуун тамирчин бүсгүйд итгэл найдварын ОЧ болж, хохирогч болсон тамирчин бүсгүйчүүд эхнээсээ сэтгэлдээ нуусан тэрхүү айдас, түгшүүрээ уудлах болов.

 

Нэрээ нууцалсан А гэх тамирчин “Би 18 настай. 15 настай байхад минь намайг шинэ дасгалжуулагч дасгалжуулах болсон. Анхандаа дасгалжуулагч миний уруулын хавьцаа үнсэх, дасгал сургуулилтын үеэр хөх, өгзгөнд минь хүрэх, шалтгаангүйгээр олон удаа тэвэрдэг байсан. Удалгүй надад сэтгэлээ илчилж, хоёр жилийн турш намайг зовоосон. Түүний үйлдэл миний уурыг хүргэдэг байсан ч би карьераа үргэлжүүлэхийн тулд би энэ талаар ээждээ ч яриагүй, сэтгэлдээ булшилсан. Яагаад тухайн үед дургүйцлээ илэрхийлж, эсэргүүцээгүй юм бол” гэв.

 

Дээрх асуудлаас болж Ерөнхийлөгч Мун Жэ Ин тэшүүрийн салбарын төлөөлөгчдийг өрөөндөө хүлээн авч уулзахдаа “Спортын салбарт бэлгийн хүчирхийлэл оршин тогтнож буй нь ГУТАМШИГ. Та нар ажилдаа муу, анхаарал хандуулдаггүй гэдгийг тамирчин бүсгүйчүүдийн мэдүүлэг илчиллээ. Спорт бол улсын нүүр царай, хүчирхэг байдлын бэлгэдэл. Гэтэл та бүхэн улсын минь нэрийг тэнгэр хүртэл цуурайтуулж буй баатруудыг минь хамгаалах бус гутаан доромжиллоо” гэж загнажээ.  

 

Солонгосын Спорт, Олимпын хорооны тэргүүн Ли Ки Хьюн “Спортын салбарт бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож, цэвэрлэх болно. Энэ ажилд тамирчдаас дасгалжуулагч, дасгалжуулагчаас сайд, төр засаг хүртэл оролцох учиртай” хэмээлээ.

 

Тамирчин бүсгүйтэй холбоотой бэлгийн дарамтаас гадна бие махбодийн хүчирхийлэл тус салбарт хэвийн үзэгдэл мэт оршин байгааг Чо гэх тамирчин “Дасгалжуулагч намайг шалтгаангүйгээр чанга цохих, хэл амаар доромжилдог байсан. Нэг удаа хурц үзүүртэй зүйлээр миний толгой руу олон удаа цохисон. Би тухайн үед өөрийгөө “үхэх гэж байна” гэж бодсон” гэж ярьжээ. Тамирчин охин гэр бүлийнхээ зөвлөгөөгөөр дасгалжуулагчаа шүүхэд өгөх үеэрээ ийнхүү мэдэгдсэн аж. Шүүхээс дасгалжуулагчийн буруутай хэмээн үзэж, 10 сарын хорих ял оноосон гэдэг.

 

Сун гэх 21 настай бүсгүй “Би 2014 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Дасгалжуулагч өрөөндөө дуудаад намайг цээжээ ил гаргахыг шаардаж, эсэргүүцэл үзүүлвэл спортын карьерийг минь төгсгөх болно гэж сүрдүүлсэн” гэж ярьжээ. Тэрбээр энэ талаар өөр дасгалжуулагчид хэлсэн болов ч өнгөрсөн онд “Пёнчан”-ы өвлийн олимпийн үеэр мэдүүлгээсээ буцсан гэнэ.

 

 

Хохирогчдын тоо хэдийнэ 200-д хүрсэн гэнэ. Ихэнх нь 15-18 настай байхдаа бэлгийн хүчирхийллийн золиос болжээ.

 

Тамирчин бүсгүйчүүд үргэлжлүүлэн эрхийнхээ төлөө тэмцсээр байхаа мэдэгдэж, бүх спортын салбарын бүсгүйчүүдийг #MeToo хөдөлгөөнд нэгдэхийг уриалжээ.

 

Уг асуудлаас гадна өнгөрөгч онд тус улсын эмэгтэйчүүдийн халдашгүй байдалд ноцтойгоор халдсан олон бусармаг хэрэг гарсан юм. Бүлэг этгээдүүд эмэгтэйчүүдийн банзалыг зөвшөөрөлгүйгээр сөхөх, нийтийн тээврээр үйлчлүүлж буй бүсгүйчүүдээс “ямар өнгийн дотуур хувцас” өмсч буйг нь асуух, мөн нийтийн бие засах газруудад нууц камер байршуулах зэрэг олон ноцтой хэрэг гарчээ.

 

Бүсгүйчүүд дээрх асуудлаас болж, гудамж талбайдаа гарч жагссан түүхтэй. Мөн энэ сарын эхээр хамгийн их хэрэглэгчидтэй насанд хүргэгчдийн сайтын үүсгэн байгуулагч Ким гэгчид шүүхээс 10 жилийн ял оноосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин