"D&G"-ээс болж, Хятад модель хүндхэн байдалд оржээ
2019-01-23

Италийн "Dolce & Gabbana" компани өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Хятадуудыг доромжилсон гэх маргаантай видеоноос болж, Шанхай хотноо хийхээр төлөвлөж байсан загварын шоугаа цуцалсан түүхтэй.

 

 

Уг видеод тус брэндийн улаан даашинз өмссөн Хятад модель бүсгүй пицца, спагетти, канноло зэрэг итали хоол хүнсийг савхаар идэж буйгаар харуулдаг.  Мөн хэт том хэмжээтэй каноллог савхаар идэж чадахгүй байгаа эмэгтэйгээс хөтлөгч “Таны хувьд энэ хэт том байна уу?” хэмээн асууж буйгаар гардаг юм. “Eating with Chopsticks” нэрийн дор гарсан эдгээр сурталчилгааг хятадууд хүмүүсийг угсаа гарлаар ялгаварлах үзэл харуулсан, мэдрэмжгүй, эмэгтэй хүнийг доромжилсон хэмээн буруутгажээ.

 

Тус видеогоо компанийнхан вейбогоос устгасан ч өнөөг хүртэл инстаграмд оршсоор байна. 

 

"Dolce & Gabbana" компани Ази дахь гол холбоотноо алдахад хүргэсэн дээрх зар сурталчилгаанд тоглосон   Зуо Ю гэх модель бүсгүй тус брэндээс дутахааргүй ихээхэн хохирол амсч, загварын амьдрал нь төгсөхөд хүрчээ. 

 

Тэрбээр "Би "Dolce & Gabbana" компанитай хамтран ажилласандаа ихээхэн харамсч байна. Одоо л буруу зүйл хийснээ мэдлээ. Үнэхээр харамсалтай байна. Тус бичлэгийн дараа Хятадын загварын компаниуд надтай хамтран ажиллахаас татгалзах болсон. Видеоны утга, агуулга Хятадын ёс заншил, уламжлалыг гутаан доромжилсон нь намайг үнэхээр ичгүүртэй байдалд оруулж байна. Би өөрөө л өөрийнхөө ирээдүйд том саад хийчихлээ" гэж ярьжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин