КАНАД: “Huawei”-ийн захирлаас болж, Хятад дахь элчин сайдаа халжээ
2019-01-28

Канадын Ерөнхий сайд Жастин Трудо өчигдөр БНХАУ-д суух Элчин сайд Жон Маккаллумыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Ерөнхий сайд "Би Ж.Маккаллумаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг хүссэн” гэж мэдэгдээд түүнийг ямар шалтгаанаар ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдэхээс татгалзжээ. 

 

Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ванжоуг шилжүүлэн өгөх асуудлаас болж, Элчин сайд болон Ерөнхий сайд нар санал зөрөлдсөн байна. 

 

Элчин сайд өнгөрөгч долоо хоногт "АНУ-ын эрх баригчид Мэн Ванжоуг шилжүүлэн өгөхийг шаардаж байна. Гэхдээ энэ бол ноцтой алдаа" гэж мэдэгджээ. Тэрбээр уг мэдэгдлийнхээ дараа нэг талыг барьсан мэдэгдэл хийснийхээ төлөө ард түмнээсээ уучлалт хүсч "АНУ шилжүүлэн авах хүсэлт гаргахгүй байх нь Канад улсад нэн тустай" гэж мэдэгдлээ залруулжээ. 

 

Жон Маккаллум Канадын Засгийн газарт 20 жил ажилласан хашир туршлагатай улстөрч юм. 

 

Мэн Ванжоуг АНУ-ын Засгийн газрын эдийн засгийн хориг хэмжээг зөрчиж, Ираны талд чухал ач холбогдолтой технологийн тоноглол нийлүүлсэн хэмээн буруутгаж байна. Тэрбээр уг хэрэгт холбоотой нь тогтоогдвол хамгийн багадаа 30 жилийн ял сонсох аж.

 

БНХАУ-ын тал иргэнийг нь зөвшөөрөлгүй баривчилсан явдалд дургүйцлээ илэрхийлэн, хоёр сарын хугацаанд Канадын таван иргэнийг баривчлан, хар тамхины хэрэгт нэр холбогдсон Канад залууд ялын дээд хэмжээ оноосон юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин