Петро Порошенко: Украиныг Европын холбоонд элсүүлнэ
2019-01-30

Украины Ерөнхийлөгч Петро Порошенко өчигдөр ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж буйгаа зарласан талаар "www.aljazeera.com" сайт мэдээллээ. 

 

 

Тэрбээр дахин Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, улсаа тэргүүлэх боломж олдвол "Украиныг Европын холбоонд элсүүлэх болно" гэж амлажээ. 

 

Порошенко "Европын холбоонд элсүүлэх ажил бол миний гол амлалтуудын нэг билээ. Би амлалтаа биелүүлэхийн тулд бүхий л бололцоогоо ашиглах болно" гэж мэдэгдэв. 

 

Тэрбээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжтой болбол Украин улс Европын холбоонд элсэх хүсэлтээ 2024 онд гаргах гэнэ. 

 

Өдгөө 53 настай Порошенко "шоколадны хаан" хэмээн нэрийддэг билээ. Тэрбээр олон улсад тархсан чихрийн үйлдвэртэйгээс гадна тэрбээр Украины толгой баячуудын нэг юм. 

 

2014 онд тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон ба энэ хугацаанд ах дүүсийн харилцаатай байсан ОХУ-аас хөндийрч, АНУ-тай илүү ойртон нөхөрлөх болжээ. 

 

Гэхдээ түүнийг дахин сонгогдох магадлал бага байгааг ажиглагчид үзэж байна. Тэрбээр Украины зүүн хязгаарт тав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй мөргөлдөөнийг зогсоож чадаагүй нь түүний нэр хүнд унах гол шалтгаан болсон юм.

 

Зүүн хязгаарын зөрчил мөргөлдөөний улмаас амиа алдагсдын тоо хэдийнэ 10 мянгыг давжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин