Мөсөнд авирагч залуу АНУ-ыг зорилоо
2019-02-18

Олон Улсын Уулчдын Холбоо /UIAA/-ны мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах VI цуврал буюу энэ оны отгон цуврал АНУ-ын Колорадо муж, Денвер хотод 2019 оны 2 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд болно.

 

Уг тэмцээнд оролцохоор Монголын Уулчдын Үндэсний Холбоог төлөөлж Говь-Алтай аймаг, Тонхил сум, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “СУТАЙН БОР” клубын тамирчин, Мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол улсын хошой аварга, ОУХМ Н.Хэрлэн оролцохоор өнөөдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр эх орноосоо мордлоо. 


Манай тамирчин Дасгалжуулагч багш Спортын мастер Х.Нямдоо, Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны Ерөнхий дасгалжуулагч, ОУХМ Ц.Хосбаяр нарын удирдлага дор манай тамирчин бэлтгэл сургуулилтаа базаасан.

 

МУҮХ-ноос АНУ-д зохиогддог дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа өөрийн тамирчнаа ийнхүү сойж байна.

 

Энэ удаагийн тэмцээнд нийт 16 орны 68 тамирчин оролцох юм.

 

АНУ-ын Денвер хот өөрийн Цэцэрлэгт хүрээлэн/Civic Center Park/-д анх удаа энэхүү нэр хүндтэй тэмцээнийг хүлээн авч байгаа ажээ. ОУУХ/UIAA/-той American Alpine Club хамтран ажиллана. АНУ-ын Колорадо муж бол мөнх цаст уултай нутаг юм.

 

Дашрамд дуулгахад, ОУХМ Н.Хэрлэн АНУ-ын цувралын дараа ОХУ-ын Москва хотод 2019 оны 2 дугаар сарын 26-нд хүрэлцэн ирэх бөгөөд улмаар Киров хотыг зорино. Энд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хийнэ. Мөсөнд авиралтын 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Киров хотноо 2019 оны 3 дугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд зохиогдох бөгөөд ОУХМ Н.Хэрлэн МУҮХ-ны баг хамт олонтой нэгдэн дэлхийн шилдэгүүдтэй нутгийнх нь дэвжээн дээр өрсөлдөх юм.

 

Эх сурвалж: Монголын Уулчдын Үндэсний Холбоо

Shuud.mn
Сонин хачин