Түлэнхийн төв энэ онд ашиглалтад орно
2019-02-20
Гэрэл зургийг MPA.mn

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа “Түлэнхийн төв”- ийн барилга цаашид ашиглах боломжгүй, ослын байдалд хүрсэн гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2013 онд гаргасан. Үүнээс хойш Түлэнхийн төв  Гэмтлийн эмнэлэгт байрлаж “Түлэнхийн тасаг” нэрээр үйл ажиллагаа явуулж буй.

 

2018 онд ашиглалтад орох байсан ч хойшилсон. Тэгвэл олон жил "дундшсан" барилгын санхүүжилт шийдэгдэж, энэ 2019 онд ашиглалтад орох тухай таатай мэдээг албаныхан дуулгаж байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр /2019.02.20/ Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж Түлэнхийн төвийн шинэ барилгын ажлын явцтай танилцлаа.

 

Тэрбээр “Санхүүжилт нь шийдэгдсэн, цаашид барилгын ажил хийгдэх хэд хэдэн обьект байна. Эрүүл мэндийн салбарт 2019 онд ашиглалт оруулах обьектийн нэг нь Түлэнхийн төв байна. Барилгын бэлтгэл ажлыг хангах, барилгын ажлын явц саадгүй байлгах үүднээс ажлын хэсэг ажиллаж байгаа” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Түлэнхийн төвийн шинэ барилгад Кувейтийн сангаас 8 сая ам.долларын тусламж олгосон билээ.  Одоогийн байдлаар барилга угсралтын ажил 60 хувьтай явж байгаа бөгөөд энэ оны 3 дугаар улиралд ашиглалтад бүрэн оруулахаар гүйцэтгэгч компаниудтай хамтран ажиллаж байна. Уг барилга нь "А", "В", "С" 3 блоктой.  /А блок захиргааны хэсэг, В блок эмнэлгийн хэсэг, С блок мооргийн барилга байх юм/. Одоогоор "А"блок. 5 давхар барилгын хаалга, цонхны ажил, дотор заслын ажил, халаалтын ажил, гадна фасадын ажил, дээврийн ажил, гадна шугам сүлжээний ажлуудыг хийж дуусгасан. Барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин