Монголчуудын мэдэх ёстой түүх Улиастайн 2000 цэргийн бослого
2019-02-22

Улиастайн 2000 цэргийн тэмцлийн тухай өгүүлэх “2000” түүхэн уран сайхны кино нээлтээ хийхэд долоо хоног үлдээд байна. Тус киноны уран бүтээлчид өнөөдөр /2019.02.22/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Яруу найрагч, хутагт судлаач, СГЗ П.Батсайхан энэхүү киног бүтээх санааг анхлан гаргаж зохиолыг нь бичсэн төдийгүй ерөнхий продюсераар ажиллажээ.

 

Манж Чин улсын эрхшээлд 200 жил харьяалагдсан монголчуудын эрх чөлөөний төлөөх тэмцлийн нэгээхэн хэсэг нь Улиастайн 2000 цэргийн бослого юм. Цэрэгт дайчлагдах нэрээр дарлагдаж байсан 2000 цэрэг эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө бослого гаргасан тухай түүхийг өнөөгийн нийгмийн залуус төдийлөн мэдэхгүй. Тэгвэл бодит түүхээс сэдэвлэсэн энэхүү уран сайхны киногоор дамжуулан хойч үедээ эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, багцалсан сум мэт эв нэгдэл хэзээд хэрэгтэйг сануулжээ.

 

П.Батсайхан: Мөхөх төрийн бодлогон дунд мандах төрийн зул бадамлаж байдаг юм

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Киноны зохиолч, продюсер СГЗ П.Батсайхан “Монголын сэргэн мандалтын үеийн төр тогтолцооны үеийн түүхэнд хаягдах шахам болсон Улиастайн 2000 цэргийн бослогын талаар кино зохиол бичих гол сэдэл маань би 40 жил Завхан аймгаас төрсөн Хутагт хувилгааныг судалсан. Энэ судалгааны явц дунд тухайн үеийн Төр засаг хутагт хувилгаануудыг төрийн бодлогод оролцуулж ажилласан байдаг. Тэдэнтэй холбоотой түүхийг судлахын тулд Улиастайн 2000 цэргийн бослогыг зайлшгүй судлах шаардлагатай болсон. Үүнээс би юуг олж харсан бэ гэвэл мөхөх төрийн бодлогон дунд мандах төрийн зул бадамлаж байдаг юм байна гэдгийг олж харсан. Цэцдээ сонсдоггүй ноёд төр, цэргээ хамгаалдаггүй төрийн бодлогыг Улиастайн 2000 цэргийн бослого бодитоор нь харуулсан гэдгийг өгүүлэхийг хичээсэн” гэв.

 

2000 уран сайхны киноны продакшны ажлыг “UB FILM”-ийн хамт олон гүйцэтгэсэн бол

 

Ерөнхий найруулагчаар  СТА Б.Отгонзориг

 

Ерөнхий зураглаачаар Э.Доржсүрэн

 

Киноны хөгжмийг Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, уран сайхны удирдагч, СТА Д.Түвшинсайхан бичжээ.

 

Дүрүүдэд АЖ П.Цэрэндагва,

 

АЖ Д.Мэндбаяр

 

МУГЖ Д.Гүрсэд

 

МУГЖ Д.Төмөртогтох

 

МУГЖ Н.Батцэцэг

 

МУГЖ У.Батбаатар

 

СТА Ш.Доржсүрэн

 

СТА С.Болд-Эрдэнэ

 

СТА С.Ариунбямба

 

СТА Ц.Цэрэнболд

 

СТА Д.Баттөмөр

 

СТА Ч.Дэлгэрцэцэг нар тоглосон байна.

 

П.Цэрэндагва: Би жирийн л нэг төрийн албан хаагч

 

Гэрэл зургийг MPA.mn

 

АЖ П.Цэрэндагва “Би киноныхоо талаар олон зүйл яримааргүй байна. Энэ үзэгчдээ хүндэлж буйн нэг хэлбэр гэж боддог. Хийсэн кино, ажлынхаа талаар энд ихээхэн яривал бодож байсан юмыг чинь анх удаа гэсэн сэтгэлээр бэлдчих болов уу гэсэн болгоомжлол байгаа учраас ингэж хэлж байна. Түүхийг зохиогоод түүхтэй юм шиг бүтээл хийгээд хойч үедээ нөлөөлөөд байгаа ийм цаг үед бид өөрсдийнхөө гээчихсэн, мартчихсан, орхичихсон юмыг санаж яагаад болдоггүй юм бэ гэсэн санаа энэ бүтээлд орж ажиллахад хөшүүрэг болсон. Гадны соёлын довтолгоонд өртчихсөн энэ үед бид хэдий хэр хэмжээний юм орхиж гээсэн улс вэ гэдгийг санаж, сэрж, ойлгож ухаарахад илүүдэхгүй болов уу гэж бодож энэ кинонд оролцсон. Миний дүр Дэмчиг тайж. Одоогийнхоор бол тухайн үеийн төрийн албан хаагчдын л нэг” гэв.

 

Ц.Цэрэнболд: Залуучууд ирж үзээсэй

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Киноны гол дүрийг бүтээсэн СТА Ц.Цэрэнболд “Эцэг өвгөд маань эрх чөлөө, тусгаар тогтнол, газар нутгийг бидэнд үлдээхийн тулд амь биеэ үл хайрлан тулалдаж байсан тухай өгүүлэх энэ киног манай монголын залуучууд болон бүх үеийнхэн ирж үзээсэй гэж хүсч байна. Та бүхнийг гуравдугаар сарын 1-нд хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ

 

Ч.Дэлгэрцэцэг: Маш том зориг гаргаж энэ кинонд тоглосон

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хийлч, СТА Ч.Дэлгэрцэцэг “Энэ гайхамшигтай уран бүтээлд зориглон тоглуулсан найруулагчдаа баярлалаа гэж хэлмээр байна. Миний хувьд маш том зоригийг гаргаж энэ кинонд тоглосон. Маш их сэтгэл догдолж байна. Урлагийн ертөнцөд 20-30 жил амьдарсан ч кинонд тоглохсон гэж үргэлж боддог байлаа. Тоглохдоо бүтээл шиг бүтээлд тоглохсон гэж бодож явсан минь биелэлээ олсон. Эмэгтэй хүний хувьд зориг гаргаж хамгийн сайхнаараа оролцсон. Түүхийн сэдэвтэй төрөл жанр учраас тэр бүр түүхэн сэдэвтэй киног ойшоодоггүй. Энэ удаад энэ киног онцлойлон хайртай бүсгүйтэйгээ, залуутайгаа хүрэлцэн ирж монгол эх орноо гэсэн сэтгэлтэйгээр хүрэлцэн ирж үзээрэй гэж урьж байна” гэсэн юм.

 

“Одоо л бид багцалсан сум шиг нэгдэхгүй бол хожим хойно цусаар уйлсан ч багадна”

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“2000” уран сайхны кино нь Манжийн үеийн бусад уран сайхны кинонуудаас ялгаатай нь дайн тулаанаас илүүтэйгээр тухайн үеийн хүмүүсийн амьдрал, ахуйг харуулсан драма жанр голчилсон бүтээл аж.

 

Эрэгтэй хүүхэд төрвөл цэрэгт дайчилж, цэргүүдийг хоол хүнсээр дутаан дарамталж, хатуу чанга гарт барин, эсэргүүцсэн хүн бүрийг 9 эрүү шүүлтээр шүүх, пүүсүүд монголчуудыг их өрөнд унагааж байсан түүхийг уран сайхны аргаар өгүүлжээ.

 

Мөн гэр бүлийнхээ бүх эрчүүдийг албанд мордуулаад ард нь эмс, хөгшид үлдсэн энэ үед монголчуудын хүн амын өсөлт зогсонги байдалд орж байсан зэрэг түүхэн баримтуудыг шигтгэсэн байна.

 

“Одоо л бид багцалсан сум шиг нэгдэхгүй бол хожим хойно цусаар уйлсан ч багадна” хэмээн сануулах “2000” уран сайхны кино 2019 оны гуравдугаар сарын 1-нд Өргөө кино театрын IMAX танхимд олон улсын стандартын дагуух 5.1 дуугаралттайгаар нээлтээ хийж, эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг дахин нэг мэдрүүлэх гэж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тэгж л байх юм Энэ кино зохиолчид болохоороо тусгаар тогтнолын хөдөлгөөн тэмцэл гэх юм ..бүүр ойлгохоо байлаа
2019-02-24
Бичиг үсэггүй, бирдаан буу нь сумгүй улс өмхийрсөн адууны махан дээр эсэргүүцэл зарлсан. Хоолыг нь солиод чимээгүй болсон.
2019-02-23
Тэгж л байх юм Энэ кино зохиолчид болохоороо тусгаар тогтнолын хөдөлгөөн тэмцэл гэх юм ..бүүр ойлгохоо байлаа
irgen:
Mongol ulsiin hamgiin hyndleh estoi 2000 zergyydee nereer gargaj chadval saihan bainaa, bayar hyrgie, medeh estoigoor barah uu
2019-02-22