Н.Наранбаатарын сонгосон СЭТГҮҮЛЧ бүсгүй
2019-02-23

 

Н.Наранбаатар найруулагч танхимд эгшиглэх хөгжмийн хэмнэл, жүжигчдийн харилцан яриаг анхааралтай ажиглаж, нэг харахад ууртай, нөгөө харах нь уяхан болж үзэгдэх нь нэг  өнгө аяс, нэг утга санааг зангидах гэж бодол оюунаа ундрааж байх шиг...Энэ бол Л.Өлзийтөгсийн зохиол Н.Наранбаатарын найруулга "Бүсгүйн зурвас" нийгэм уянгын драмын жүжиг “амилж” буй цаг мөч.

 

Тансаг мэдрэмжтэй зохиолч найруулагч хоёрын энэ бүтээл нийгэмд хүлээлт үүсгээд байна. Жүжгийн гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа, СТА С.Болд-Эрдэнэ зэрэг УДЭТ-ын “акул”-уул тогложээ. Мөн жүжгийн гол дүрийн сэтгүүлч бүсгүйд театрын залуу жүжигчин Б.Золзаяа сонгогдсон нь онцлог санагдав. Иймд Н.Наранбаатар найруулагчид “тоогдсон” залуу жүжигчинг хайж театрыг зорьсон юм.

 

Хайж очсон жүжигчин маань 19 дугаарын өрөөнд жүжгийн бэлтгэлээ базаан гэзэг үсээ гоёж сууна. Энгийн тэгээд их л хэрсүү байрын бүсгүй аанай л танил мэт дотно угтах аж. Түүний харцнаас анхны гол дүрээ авсан догдлол нь одоо ч дарагдаагүй, оргилсон их хүсэл тэмүүлэл нь нэвт уншигдаж байв. Цаанаасаа л нэг урам ундарч буй нь илхэн. Ингээд УДЭТ-ын залуу жүжигчин Б.Золзаяатай ярилцсанаа хүргэе.

 

 

-Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Хотын уугуул уу?

 

-Эрхэм уншигчид даа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баттулгын Золзаяа гэдэг. Би Ховд аймагт төрж өссөн. Оюутан болоод анх Улаанбаатарт ирж байлаа. Аав, ээжтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Жүжигчин болохыг багаасаа мөрөөддөг байсан. Магадгүй жүжигчин болж чадахгүй бол сэтгүүлч болно гэж их ярьдаг байлаа. СУИС-д элсээд дөрвөн жил суралцахдаа УДЭТ гэх “том” айлд орохсон л гэдэг хүслээр хичээлдээ шамдан суралцсан даа.

 

-Хэний шавь билээ?

 

-УГЗ, доктор, профюсер С.Сугар гэдэг хүний шавь. Эрхэм хүн дээ багш минь. Багш маань гуравдугаар дамжаанд суралцаж байх үед бурхан болоод УГЗ Найдандорж найруулагчийн шавь болж төгссөн. 2016 онд төгссөн тэр жилдээ УДЭТ-т шалгалт өгөөд студи жүжигчний ангиар тэнцэж байсан.

 

-УДЭТ босго өндөртэй гэдэг. Энэ их айлын босгыг хэрхэн давав?

 

-УДЭТ-т урлагийн тэр дундаа жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа хүн болгон ажилд орохыг мөрөөддөг. Босго өндөртэй гэж ч ярьдаг. Анх 2016 онд 50 гаруй залуу шалгалт өгөхөд 10 хүүхэд тэнцэж үлдэж байлаа. Тэдний нэг нь бий. 2018 оны намар бид бүгд жинхлэгдсэн. Тэгэхээр нийтдээ театрт гурав дахь жилдээ ажиллаж байна даа.

 

-“Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрд сонгогджээ. Анхны гол дүр биз?

 

-Тэгэлгүй яахав. УДЭТ-ын 17 дугаар өрөөнд жүжгийн анхны уншлагаа хийсэн юм. Энэ үеэр Наранбаатар найруулагч “Шинэ жүжгээ хэн уншиж танилцуулах вэ” гэхэд нь “Би уншъя” гээд л хэлчихсэн. Ямар ч уран бүтээлч хүнд сайхан зохиол уншаад “Энэ гоё дүрд ажиллахсан” гэсэн хүсэл төрдөг. Үүн шиг зохиолоо уншиж байхад “Итгэлийн үр ямар гоё юм бэ. Энэ дүрд  сонгогдохсон” гэж бодож байлаа. Зохиол уншиж дуусаад дүр танилцуулахад найруулагч маань “Архайгийн дүрд МУГЖ Жаргалсайхан, СТА Болд-Эрдэнэ” гэлээ. Одоо Итгэл...Зүрх түг түг гээд л. Ямар ч дүр яахав гэсэн хэр нь дотроо “Энэ дүрийг авчих юмсан” гэсэн нууцхан хүсэл буцалж байсан. Тэгтэл найруулагч “Итгэлийн дүрд залуу уран бүтээлч Золзаяа” гэсэн. Тэрхэн үед маш их айдас, догдлол, үүрэг хариуцлага мэдрэгдэж байлаа. Надад итгэл хүлээлгэж анхны гол дүрийг минь ийм гайхалтай бүтээлд сонгоход маш их баярласан. Мөн Итгэлийн дүрд Тогтохжаргал эгч минь тоглож байгаа.

 

-Наранбаатар найруулагч яагаад өөрийг тань сонгосон гэж бодож байна вэ?

 

-Бид анх театрт ороод хоёр жилийн хугацаанд энэ хүүхэд ямар авьяастай, хэн бэ гэдгээ харуулдаг. Бид өөрсдийнхөө авьяастай гэдгийг баталдаг гэсэн үг. Цэрэгжилтийн байдалтай, дэг жаягтай байж найруулагч, уран бүтээлчид, арын албаныхан бүгдэнд нь өөрийгөө нээн харуулдаг. Студийн жинхлэх шалгалтын өмнөхөн ээж маань элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор болоод би донор нь болж Энэтхэг улс руу явах зайлшгүй шаардлага тулгарсан. Хүсэл мөрөөдлөөс илүү ээж минь чухал тул ажлаа хаяхаас өөр сонголт байгаагүй. Жинхлэгдээгүй байж ажлаа хаяад явж байгаа учраас халчихна даа л гэж бодсон. Гэтэл хамт олон маань эсрэгээрээ намайг халуун дотно хүлээн авч хоёр сарын чөлөө аваад явахыг зөвшөөрсөн юм. Тэр үед би хичнээн сайхан хамт олон дунд өлгийдүүлснээ анзаарч билээ. Тэгээд мэс засал амжилттай болж, эх орондоо удалгүй эргээд ирсэн.

 

 

Буцаад ирэхэд “Гэгээн муза” наадам болж байсан. Тухайн наадамд “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийн хулгайч эмгэний дүрд нэр дэвшиж таарсан. Нэгдүгээр шатанд тэнцчихсэн. Хоёрдугаар шат болоход Энэтхэг рүү яваад мэс засалдаа орчихоод ирээд удаагүй байсан тул оёдол эдгээгүй байлаа. Гэсэн ч гэдсээ баадагнаж байгаад л нэлээд хөдөлгөөнтэй дүрд тоглочихсон. Тоглож дуусаад л бурхан минь би юу хийчих вэ. Оёдол нь задарчихсан бол яаанаа гэж их айж билээ. Манай хамт олон “Боль, ямар зоригтой юм бэ” гээд их ч загнасан. Гэвч би ёстой л хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэчихсэн, хэтэрхий оргилсон учраас маш зоригтой байсан. Зориглож чадсаны үр дүнд муза хүртэж чадсан шүү. Үүгээрээ би хамт олондоо баярлалаа л гэж хэлэх гэсэн юм. Бас энэ бүгдээс Наранбаатар найруулагч намайг зоригтой гэж үнэлсэн юм болов уу гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Нөгөө талдаа “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэл бол шулуун шударга сэтгүүлчийн дүр.

 

-Жүжигчин болохгүй бол сэтгүүлч болно гэсэн багын бодолтой нь Итгэлийн дүр уялдаж байна. Тийм үү?

 

-Би бага байхдаа Ховд аймагтаа хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг байлаа. Тухайн үед сонинд “Би жүжигчин болж чадахгүй бол сэтгүүлч болно гэж боддог” гэсэн гарчигтай ярилцлага өгч байсан юм. Одоо болтол тэр сонингийн хайчилбарыг би хадгалдаг. Тиймээс хэрэв би театрт тэнцээгүй бол сэтгүүлч болчихсон гүйж явах байсан байх аа гэж боддог юм. Тиймээс Итгэлийн дүр илүү ойр санагдаж байгаа. Сэтгүүлч хүн заримдаа үнэнг олох гэж зориг гаргаж зүтгэдэг шүү дээ. Энэ талаараа би төстэй санагдсан байж магадгүй.

 

-Итгэлийн дүр танаас ямар чадвар шаардаж байна вэ?

 

-Сэтгүүлчид өөр өөрийн гэсэн өнцөгтэй, онцлогтой байдаг. Сэтгүүлч хүн ямар хүн байх ёстой вэ. Сэтгүүлч гэж хэн юм бэ. Ниймгийн дуу хоолой толь бол сэтгүүлчид. Энэ бүгдийг Итгэлийн дүр харуулсан. Тиймээс энэ жүжгийг сэтгүүлч, сурвалжлагч нар бүгдийг нь ирж үзээсэй гэж урьж байна.

 

 

-Жүжигчин хүн бүр аль нэг дүрд тоглохсон гэж мөрөөддөг. Таны хувьд?

 

-Би өмнө нь гол дүр л авч үзэхсэн гэж бодож байлаа. Өнөөдөр гол дүрд тоглож байна. Залуу хүн учраас маш олон зүйл хийж, хөдөлмөрлөхийг хүсч байна. Чанартай уран бүтээлч болохын тулд өөрийгөө бэлтгэх л хэрэгтэй байна. Хамгийн ухаантай мэргэжил бол жүжигчин. Жүжигчний мэргэжлээр ажиллаж амьдарч байхдаа би нэг л зүйлийг бодож байна. Хүн хорвоод ганцхан л удаа амьдарна. Магадгүй дараа төрөл гэж байдаг л байх. Гэхдээ Золзаяа гэдэг хүнээр би ганцхан л удаа амьдарна. Ганцхан удаа амьдрахад энэ мэргэжил маань маш олон мэргэжлийг надад өгч чадаж байна. Хүн бүрийн тэр бүр мэдрэхгүй маш олон мэдрэмжийг надад өгдөг. Би дүрд ордог, дүрд хувирдаг. Буцаад гардаг, дахиад хувирдаг. Тийм болохоор би азтай сайхан мэргэжилтэй гэдгээрээ үргэлж “оргилж” явдаг. Жүжигчний мэргэжил хамгийн сайхан гэдгийг би бардам хэлж чадна.

 

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гантулга:
Одооны монгол хүүхнүүдийн оюун санааны хоосрол, эд мөнгөний дийлдэшгүй шунал, хуял тачаалаасаа болоод ёс суртахууны аймшигтай доройтол, уналтад орсныг харуулсан маш сайн бүтээл хийсэн уран бүтээлчид найруулагч Наранбаатарт баяр хүргэе,. Монгол эрчүүд энэ Мартын 8-наар эхнэрүүддээ зориуд тасалбар худалдан авч өгч энэ жүжгийг үзүүлж өөрсдийнх нь үнэн нүүр царайг илчлэн харуулж бэлэг баривал зохилтой.
2019-02-26
dembee:
fdsfdsf
2019-02-24
gfdg:
gfdgdfg
2019-02-24
fsdf:
fdsfsd
2019-02-24
No:
Найруулагч Наранбаатар тань залуугааса аугаа ихийн дэмийхэлд өртчихсөн хүн
2019-02-24
dembee:
fdsfdsf
gfdg:
gfdgdfg
Chuka:
Mundag jujigchin bolooroi. Saihan yaritslaga bn amjilt husiy
2019-02-24
Bilgee:
Setgvvlchdiig doosh ni hj bgaa ym alga l bn shde niitlelee oilgoj unshmaar ym
2019-02-23
fsdf:
fdsfsd
uzegch:
chinii mergejil saihan gd setguulchdiig doosh ni hiih erh chamd baihgui shuu. setguulchiim durd togloj bga bol ugee tsegne.
2019-02-23