Согтуурсан үедээ автомашин жолоодож, хүүхдээ тээвэрлэдэг тэнэглэлээ зогсоо
2019-02-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.02.23-24/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай улирдлагын хэлтэст нийт 405 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 288 дуудлага мэдээллийг алба хаагчид хүлээн авч шалгажээ. Ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирч, нийслэлд 11 гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд ба тээврийн хэрэгсэлд зорчиж байх үедээ осолд өртөж гэмтэж, бэртсэн байна.

 

Хүүхэд өртсөн ослын шалтгаан нөхцлийг үзвэл жолооч нар гэр бүл, үр хүүхдээ тээвэрлэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас осол гаргаж гэмтжээ.

 

Тухайлбал СХД-ийн нутаг 42-р сургуулийн баруун замд T.Chaser маркийн аввтомашины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гэрлийн шон мөргөж, зорчиж явсан 13 настай У, 6 настай Э, 3 настай Б нарын 3 хүүхэд гэмтсэн бйана.

 

Мөн ХУД-ийн нутаг Морингийн давааны замд T.Pruis маркийн автомашины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож, зорчиж явсан 41 настай Ө, 5 настай А,  6 настай А нарын 3 хүн гэмтсэн ослууд бүртгэгджээ.

 

Манай улсын хэмжээнд хүүхэд аюулгүй тээвэрлэлт болон хамгаалалтын суудлын хэрэглээ 10 хүрэхгүй хувьтай гэсэн судалгаа байна. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаа болон хүнд гэмтэж байгаа хүүхдүүдийн 70 орчим хувь нь буруу тээвэрлэлт, автомашин дах хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалж байна.

 

Энэмэтчилэн эцэг эхчүүд бусдын бус өөрсдийн хэнэггүй, хайхрамжгүй байдлын улмаас үр хүүхдээ эрүүл мэндээр нь хохироох, цаашлаад амь насыг нь хохироох явдал гарч байгаа тул эцэг эхчүүд хүүхдэдээ хайртай л бол арын суудалд хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэн тээвэрлэхийг зөвлөж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин