Гуайдо дэмжигчдийнхээ тусламжтай Венесуэлд иржээ
2019-03-05

Өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн зарлаж, шинэ шударга сонгууль явуулахыг уриалаад буй сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өчигдөр нутагтаа хүрэлцэн ирсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр олон мянган дэмжигчдийнхээ тусламжтай хуулийнханд баригдалгүйгээр нийслэл Каракас хотноо ирсэн байна.

 

Гуайдод энэ оны эхээр хилийн хориг Дээд шүүхээс тавьсан ба тэрээр уг хоригийг зөрчин өнгөрөгч сард Колумбад очиж, Лимагийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон юм.

 

Түүнийг нууцаар хил давсан гэдгийг Ерөнхийлөгч Николас Мадуро мэдснийхээ дараа "Хуан Гуайдо Венесуэлийн газар нутагт ирвэл шууд баривчилж, ял асуух болно. Тэрбээр хийсэн үйлдлийнхээ төлөө заавал хатуу шийтгэл хүртэнэ" гэж мэдэгджээ. 

 

Гуайдо өчигдөр дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ "Дарангуйлагч Мадуро нэн даруй огцор. Тэрбээр эх орныг минь гутаан доромжилж, ард түмнээ бус зөвхөн өөрийн аз жаргалаа тэргүүнд тавьдаг. Венесуэлд ийм цэвдэг сэтгэлтэй удирдагч хэрэггүй. Тиймээс нэн даруй огцор" гэж хэлэв. 

 

АНУ, Их Британи тэргүүн баруун орнууд Гуайдог Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөөд буй юм.

 

Харин ОХУ, БНХАУ болон Кубын удирдлагууд Мадурог хууль ёсны Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээгээд "Улсын дотоод асуудалд хошуу дүрэх хэрэггүй" гэж дээрх улсуудад сануулаад буй.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин