Сити Айся: Би Ким Чен Намыг хөнөөсөн АЛУУРЧИН БИШ
2019-03-13

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрсөн 2017 оны хоёрдугаар сарын 13-нд Малайзын Куала Лампурын нисэх буудалд байхдаа бусдын гарт амиа алдсан билээ.

 

Түүнийг “VX” гэх шууд мэдрэлийн системд нөлөөлдөг химийн хортой бодисоор хордуулсан болохыг шүүх эмнэлэгийн шинжээчид тогтоожээ.

 

Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан хоёр эмэгтэйг баривчилсан юм. Сэжигтнээр татагдаад байсан Индонез улсын иргэн Сити Айсяг өнгөрөгч амралтын өдөр суллах шийдвэр гаргасан юм.

 

Эх орондоо ирээд буй Сити Айся өчигдөр Британийн “ВВС” агентлаг ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таныг Ким Чен Намын үхэлд буруутай хэмээн сэжиглэн баривчилж, олон сар хоригдсон. Энэ талаар?

 

-Яг одоо энэ бүхнийг мартаад гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг хамтдаа өнгөрүүлмээр байна. Малайзад байхдаа миний амьдрал төгслөө гэж бодож, их айдаг байлаа.

 

-Олон нийт таныг Ким Чен Намын аллагатай холбоотой гэдэг.

 

-Би энэ хэрэгтэй ямар ч холбоогүй. Мэдээж хэрэг энэ бүх эргэлзээ хормын төдийд алга болохгүй. Гэхдээ цаг хугацаа намайг буруугүй гэдгийг нотлон харуулах учир би юунаас ч айхгүй байгаа.

 

 

-Таны хамтрагч Вьетнамын иргэн Доан Тхи Хуонгийг уг учир битүүлэг аллагын гол сэжигтэн хэмээн буруутгаж, өнөөг хүртэл байцааж байгаа. Та гомдолтой байна уу?

 

-Мэдээж хэрэг. Бид ямар ч буруугүй. Үнэнийг хэлэхэд бид Куала Лампурын  нисэх буудалд телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож байна гэж бодсон юм. Тэр эрэгтэйг оролцогч гэж хэлсэн. Бид бусдыг хохироох, хөнөөх ямар ч шаардлага байхгүй.

 

-Гэхдээ л энэ хэрэг аллага гэж харагдаж байна?

 

-Намайг аллагат буруутгаад баривчлахад их цочирдсон. Гэхдээ сулласанд их баяртай байна. Би 2015 оноос Малайз улсад ажиллаж, амьдарч байгаа. Энэ улсад дахиж ирэх төлөвлөгөө алга. Одоо амар тайван амьдармаар байна. Тиймээс Доан Тхи Хуонгийг хурдан суллахыг хүсч байна.

 

/Сити Айсяг сулласан ч цагаатгаж буй биш юм. Тэрбээр Ким Чен Намын аллагатай холбоотой нь тогтоогдвол ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгүүлнэ/

 

 

-Индонез, Малайзын эрх баригчид хамтарч ажиллахаар тохиролцож, улмаар таныг сулласан гэж зарим хэвлэлийнхэн мэдээлж байгаа?

 

-Би энэ талаар мэдэхгүй байна.

 

-Таныг суллагдсаны дараахан Малайзын Ерөнхий сайд Махатхир Мохамад “Хатагтай Сити Айсяг чөлөөлөх шийдвэр “хууль дүрэмд нийцсэн” гэж мэдэгдсэн.

 

-Тийм ээ. Маш их баяртай байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин