ӨР өвлөгдөх Татварын хуульд ХОРИГ тавих уу?
2019-03-25

УИХ-ын ээлжит бус чуулганаар өргөн баригдсанаасаа хойш жил гаруй хэлэлцэгдэхгүй гацаад байсан Татварын багц хуулийг баталлаа. Шинээр батлагдсан Татварын багц хууль нийгэмд эргэлзээ, бухимдал дагуулав.

 

Юун түрүүн Татварын багц хуулинд “20 сая төгрөгөөс дээш татварын өртэй, өрөө төлөх хөрөнгөгүй бол хилээр гарахыг хязгаарлана” гэсэн заалт орсон. Олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан энэ  заалтад Сангийн сайд “Хууль хэлэлцэж байхад 20 сая төгрөгийн өртэй бол хилээр гаргахгүй гээд худлаа тайлбарыг тараажээ. Энэ заалт бол гадаадын иргэнд хамааралтай заалт юм. Дотоодын аж ахуйн нэгж, иргэдээ хамгаалсан заалт юм шүү” тайлбарыг хийж байна. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад энэ заалт хамааралтай болж таарна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн заалт боллоо гэж олон нийт үзэж байна. Тэр дундаа “Оюутолгой” компанитай маргаантай асуудал үүссэн энэ үед “Рио тинто”-гийнхон манайд ирээд буцахад хил дээр саатуулагдах нөхцөл үүслээ гэж ойлгож байна” гэсэн байр сууриа Ерөнхий сайд асан М.Энхсайхан  цахимаар илэрхийлсэн байна лээ. Гэхдээ Сангийн сайд “Оюутолгой” шиг хөрөнгө мөнгөтэй компанид энэ заалт үйлчлэхгүй гэж байгаа ч бусад гадаадын хөрөнгө оруулагчдад харшилтай, тэднийг үргээсэн заалт гэж эдийн засагчид байтугай энгийн иргэд ч “хар ухаан”-аараа ойлгоод байгаа. Түүнчлэн Татварын багц хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Хуулийн 83.1 “Төлөх ёстой татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол 30, 50-иас дээш хувиар бууруулан бол 50 хувиар торгоно” гэж байна. Торгуулийн хэмжээ хэтэрхий их байна. Татвар төлөгчдөө хайрлахгүйгээр улс орны хөгжил явахгүй. Японы алдарт үг байна. “Бизнес эрхлэгчдээ хайрлаж байж улс орон хөгжинө” гэдэг.  Татвар төлдөггүй хүмүүс татвар төлөгч нарын зовлонг ойлгохгүй Бизнес хийж байгаа хүн санаатай хор хохирлоор явна гэж байхгүй.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Аж ахуйн нэгжүүдийг татварын өрийг хамаарал бүхий этгээдүүдээр нь төлүүлэх заалт орчихсон явж байгаа. Гэтэл Компанийн тухай хууль, Иргэний хуулиар өөрт ногдож байгаа татварынхаа өр төлбөрийг өөрөө л талж барагдуулах Үндсэн хуулийг зарчимтай. Мөн татварын байцаагчийг аргачлалын зөрүү болон тодорхой шалтгаанаас болж их хэмжээний татвар ногдуулсан зэрэг татварын маргаан гардаг. Энэ тохиолдолд татвар төлөгч өөрсдөө эрхээ хамгаалуулах эрхтэй. Татварын маргаан үүсгээд, үндэслэлгүйгээр татвар ногдуулсан байна гэвэл маргаанаа шийдвэрлүүлдэг эрхийг нь 10 хувийн дэнчин тавиад, дэнчингээ төлсөн тохиолдолд маргаанаа шийдвэрлүүлэх эрх үүсэх зэрэг хязгаарлалтуудыг хийж өгсөн байна. Энэ нь аж ахуйн нэгж өөрийнхөө эрхийг хамгаалуулах Үндсэн хуулийн зарчмаа хэрэгжүүлж чадахгүй байх байдалд хүргэж болзошгүй байгаа.

 

Хөрөнгө шилжүүлж авна гэдэг бол их өргөн утга агуулдаг зүйл. Үүнийг яаж ойлгох вэ гэдэг нь энэ хэлэлцэж буй хуульд тодорхой биш байгаа юм. Ямар нэг маргаан, зөрчил гаргахгүйн тулд сайн зүйлээ хэрэгжүүлэх арга механизмаа хуульд тодорхой зааж өгөх хэрэгтэй.   Эсвэл түүнийгээ бүр болих ёстой гэсэн саналаа хэлсэн.

 

Түүнчлэн Татварын хуулийн хэлэлцүүлэгтэй зэрэгцээд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Татварын хууль олон жил олон Засгийн газар дамжин яригдаж байгаа. Өмнө нь танхим гишүүдийнхээ дунд санал асуулга зохион байгуулаад өөрсдийнхөө саналыг ажлын хэсэгт хүргүүлсэн. Эндээс зарим нь дэмжигдэж, зарим нь дэмжигдээгүй.

 

Гэтэл дэмжигдээгүй саналууд өнөөдөр нийгэмд асуудал дагуулж байх шиг байна.  Харин УИХ-аар хэлэлцэгдэж буй Татварын хуульд татварын байцаагчийн торгох хэмжээ эрс нэмэгдүүлсэн байна. Улмаар авлига, ашиг сонирхлын асуудал бүрдэх нөхцөл бүрдэхээр харагдаж байгаа.

 

Шинэ Татварын ерөнхий хуулиар Татварын байцаагчийн торгох хэмжээ эрс нэмэгдсэн нь дарамтлах, улмаар авлига ихсэх нэг нөхцөл болж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, хуулийн 84.2-д Суутган татвараа аваагүй, тайлагнаагүй бол төлөх татварын 50 хувьтай тэнцэх, мөн 83 дугаар зүйл, 85.1 дүгээр зүйл заалтаар татвар төлөх орлогоо дарагдуулсан гэж үзвэл торгуулийн хэмжээг 50 хувиас 100 хувиар торгох эрхийг олгосон.Гэтэл иргэд татвараа төлөөгүйгээс аж ахуйн нэгж хариуцлага хүлээх нь байж болшгүй юм.

 

Мөн Шинэ татварын ерөнхий хуулийн 53, 55, 62-73 дугаар заалтуудаар татварын өр барагдуулах, албадан арга хэмжээ авах, битүүмжлэх харилцааг хатуу чанга болгож өгсөн нь өнөөдрийн нөхцөлтэй хэрхэн зохицож буйг анхаарах ёстой. Шинэ хуулийн 34 зүйлээр Татварын Эрсдлийн удирдлага гэдэг хяналт, шалгалт хийх шинэ заалтыг оруулж өгсөн. Эрсдэлтэй гэдэг нэрийдлээр хяналт шалгалт хийх нөхцөлийг бүрдүүлж байна.

 

Мөн татвар төлөгч бус түүний харилцан хамаарал бүхий этгээдүүд болон гуравдагч этгээдийг хамруулан татварын асуудлаар шалгах, хянах, мэдээлэл гаргуулж авах онцгой эрхийг татварын алба, байцаагчид бий болгож өгсөн” гэдгийг онцолсон юм.


Ерөнхийлөгчийн зүгээс Татварын багц хууль дахь ААНОАТ-ын тухай хуулийн төсөлд санал хүргүүлсэн. Ерөнхийлөгчий хүргүүлсэн санал шинэ хуульд хэр “ажил хэрэг” болж туссан эсэхээс үл хамаарч нийгэмд, тэр дундаа бизнес эрхлэгчдэд хамаарал бүхий маргаантай заалтуудыг эргэж харах үүднээс Ерөнхийлөгч хориг тавих эсэх нь энэ долоо хоногийн хүлээлт болж байна.  Хориг тавьсан ч УИХ хүлээж авах эсэх нь эргэлзээтэй. Ямартай ч 2020 он буюу сонгуулийн жилийн эхний өдрөөс шинэ хуулиа чанд мөрдөөд явах нь. Хуулийн хэрэгжиж эхэлснээр нийгмийн шүүмжлэл Сангийн сайдын тайлбарын хооронд хэр зөрүү байгаа нь илүүтэй тодорно. 

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Дэндүү дарамталж байх, хахуул авах арга замаа өргөжүүлсэн заалтууд байна. Зөвхөн яаж ямар ч хамаагүй аргаар төсөв бүрдүүлэх, аж ахуйн нэгжийг цаашид хөгжмх боломжийг хаасан, дургүй хүргэвэл дарамталж эрсдэлтэй нэрээр байнга шалгах болж байх шиг. Энэ бол ард түмний эсрэг хууль байна. Сангийн сайд өмнө байсан гээд байх юм, байсан өол авч хаяад сайжруулах ёстой болохоос болохгүй юмыг байсан гэдгээр ярих нь буруу. Бизнес хийхгүй хотгор шанагын уурхайг зарж зүгээр мөнгө авах хоёр шал өөр зүйл шүү
2019-03-26
Түүхий хууль:
Ийм хууль баталсан луйварчыг 2020 онд унагаана
2019-03-25
Зочин:
Татварын шинэ хуульд буруу зүйл их бна даа.Татварын байцаагч аргачлалын алдаа гаргаж их хэмжээний торгуул тавьбал төлж чадахгүй иргэн орон байраасаа салж таархана.Энэ бол хүнд суртал бөгөөд нэг ёсны шинэ "рекит"-үүд бий болж бна.
2019-03-25