Монголын нүүрс “моодонд” орсон ч ЭТТ боломжийг ашиглахыг хүсэхгүй байна
2019-04-30
Гэрэл зургийг MPA.mn

 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг өнгөрөгч 2018 оны есдүгээр сард хэвлэлийн бага хурал хийхдээ “2018 оны эцэст 1072 хувьцааг амь оруулж, иргэн бүрт ногдол ашиг тараана” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр “IPO гаргасан ч, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлсэн ч иргэдэд ногдол ашиг тараана” гэж ярьсан.  Гэтэл өчигдөр /2019.04.29/ дахин хэвлэлийн хурал хийж ногдол ашиг тараахаа больсон гэдгийг дуулгав. Ногдол ашгаа хүртэхээр удтал хүлээсэн иргэд ийнхүү хоосон хоцров.

 

“Эрдэнэ Тавантолгой” компани 50 сая тонн нүүрс борлуулж баяраа ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Одоо харин хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа авч баярламаар байдаг. Гэтэл ногдол ашгийг чухам хэзээ, хэрхэн, хэдэн төгрөг тооцож өгөх нь тодорхойгүй, таг чиг байсаар эцэст нь бүр дашиг шог болов.

 

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралтай. Энэ хурал хаалттай явагдаж, үүд хаалгаа үдэж тагласан байдалтай болох нь бий. Энэ удаагийн хуралд "1072 хувьцаа, хувьцаа зээмшигчдийг төлөөлж "1072 хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийг хамгаалах холбоо"-ны гишүүд оролцож, тодорхой асуудлыг дэвшүүлэхээр зэхжээ. Энэ талаар эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Ногдол ашиг тараах тухай мэдээлэл тодорхойгүй байсаар эцэст нь өгөхгүй гэдгээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс мэдэгдлээ?

 

-Ногдол ашгийн талаарх мэдээллийг компанийн ТУЗ-өөс таг дарчихаад суугаад байгаа тул ногдол ашиг хэзээ хэрхэн, хэдэн төгрөг өгөх вэ гэдэг мэдээлэл хаалттай байлаа. Компанийн ТУЗ-өөс нэг иргэнд 25 төгрөгийн ногдол ашиг өгөх шийдвэр гарсан ч юм шиг үгүй ч юм шиг тодорхойгүй байсаар ирсэн. Үүнийг бид эсэргүүцсээр байгаа.

 

“1072 хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах холбоо”-ны зүгээс ЭТТ компанийн ТУЗ-ийн гишүүдэд бүрэн бүрэлдэхүүнээр хариуцлага тооцохыг Ерөнхий сайдад уламжиллаа. Учир нь 2019 оны нэгдүгээр улиралдаа багтааж ногдол ашиг олгох байсан. Энэ үүрэг, хариуцлагаа биелүүлсэнгүй. Үүнд дээр ерөнхий сайд “сэлмээ” буулгамаар байна. Хоёрдугаарт ТУЗ компанийн тухай хуулийн 36.5-д зааснаар тухайн санхүүгийн жил гарснаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг өгөх эсэх шийдвэрээ гаргаад хувьцаа эзэмшигчдэд нээлттэй танилцуулах ёстой. Энэ хуулийн хүрээнд хувьцаат компаниуд бүгд хоёрдугаар сарын 19-нөөс өмнө ногдол ашгийнхаа тооцоо судалгааг гаргаад олон нийтэд ил зарлаж, мэдээллүүдээ хувьцаа эзэмшигчиддээ хүргэсэн. Эрдэнэт тавантолгой компани эсрэгээр нь шийдвэр гаргасан тухай мэдээллээ нууж, хааж 2018 оны үйлдвэрлэлийн санхүүгийн тайлан, гэрээнүүдийг холбооны зүгээс хүсэхэд үл тоосон байдалтайгаар мэдээлэл өгөөгүй. Нөгөө талаасаа шилэн дансны хуулийг ч зөрчсөн байна. Тийм учраас энэ компанийн ТУЗ-д бүрэн бүрэлдэхүүнээр нь хариуцлага тооцох хэрэгтэй байна.

 

-Нэгж хувьцаанд 25, 84 төгрөгийн ногдол ашиг тараах тухай хоёр өөр тоо хэлээд байна. Томьёоллын хувьд ногдол ашгийг хэрхэн тооцдог вэ?

 

-2017 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 416 тэрбум төгрөгийн ашигтай, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 2017-2018 оны цэвэр ашгийг нийлүүлэхээр 1.2 их наяд төгрөг болж байна. 1.2 их наядын цэвэр ашгийг 15 тэрбум ширхэг хувьцаанд хуваахаар нэгж хувьцаанд 84 төгрөгийн ногдол ашиг байх тооцоо гарч байгаа юм. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн яриад байгаа 25 төгрөгөөр ногдол ашгийг батлачих юм бол дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон ээж буюу таван ам бүлтэй өрхөд 80 хүрэхгүй мянган төгрөг очих гээд байна. Харин холбооноос тавьж байгаа саналаар нэг хувьцаанд 84 төгрөгийн ногдол ашиг хувиарлавал тэднийд 450 мянган төгрөг очих боломжит тооцоо харагдаад байгаа юм. Үүнийг холбоо шахаж ажиллаж байна.

 

-Тэгвэл 25 төгрөгийн ногдол ашгийг хэрхэн тооцоолсон юм бол оо?

 

-Тухайн жилд бий болсон ашиг, түүнээс хасдаг нь дараагийн жилд шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөв. Үлдсэн мөнгийг нь ногдол ашгаар өгөх үү эсэхийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэдэг. Хэрэв хөрөнгө оруулалтын төсвийн зардал өндөр болчихвол ногдол ашгийн хэмжээ багасна. Тэгэхээр 2018 оны ашигтай ажилласан 807 тэрбум төгрөгөөс 25-хан төгрөгийн ногдол ашгийг  тараах шийдвэрийг яаж гаргасан бэ гэхээр 481 тэрбум төгрөгийг огт хэрэггүй хөрөнгө оруулалт оруулж ирж байгаад ногдол ашгийг хассан. Тухайлбал 283 тэрбум төгрөгийн IPO зөвлөх үйлчилгээний зардал гэх мэт. ҮАБЗ-өөс IPO зөвлөх үйлчилгээ авахад 283 тэрбум төгрөг зарцуулах зардлыг хөрөнгө оруулалтын төсөвт суулгасан нь буруу гэж үзсэн. Үүнийг хөрөнгө оруулалтаас хас гэсэн ч энэ зөвлөмжийг авсангүй. Хүлээж авалгүй байсаар ногдол ашигт суулгаж 25-хан төгрөгийн тооцоо гаргаад ирсэн. Мөн 7.7 тэрбум төгрөгөөр программ хангаж, 4 орчим тэрбум төгрөгөөр автомашин худалдаж авна гэх мэт үргүй зардал байна. Энэ жилдээ энэ хөрөнгө оруулалтаа болиод элдэв зардал гаргаж ирж зохиомлоор иргэдийн ногдол ашгаас хумслахаа болих хэрэгтэй. Эхний ээлжинд 84 төгрөгөөр ногдол ашгаа өгч ирэх жилүүдэд улам нэмэгдүүлэх боломж байгаа.

 

-Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралтай. Танай холбооны зүгээс ямар асуудлыг дэвшүүлэх гэж байна?

 

-Өнөөдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно. Энэ хувьцаа эзэмшигчдийн хуралд компанийн хувьцаа эзэмшигч иргэн болгон ирж оролцох хэрэгтэй. Ногдол ашгийн тооцооны дэлгэрэнгүй танилцуулгыг нэхэх бүрэн эрхтэй. Энэ эрхээ эдлээд компанийн эзний ёсоор хандаарай. Компанидаа эзэн болж чадахгүй бол таны өмнөөс ТУЗ-д очсон этгээдүүд ногдол ашгийн хулгай хийх гээд байна. Иргэд компанийн эзэн гэдгээ мэдрэхгүй байна. ЭТТ компани 1072 мэдээллийн төвтэй. Сард бараг 30 гаруй сая төгрөгийн зардал гаргадаг асар том бүтэцтэй байгууллага. Энэ байгууллага өнөөдөр ногдол ашиг, хувьцаа, хувьцаа эзэмшигч та ямар эрх мэдэлтэй вэ гэдгийг сурталчлахгүй дэмий л мөнгө үрээд сууж байна. ТУЗ-ийн гишүүд нь сард 2-3 сая төгрөгийн цалин аваад, жилдээ 20-30 сая төгрөгийн хангамж аваад суугаад байна. Бидний өмнөөс ажиллахгүй юм бол энэ хүмүүсийг халж, хариуцлагатай зардал хэмнэж чадах, илүү үнэтэй нүүрс борлуулахад сэтгэл зүрх гаргаж чадах нэгнийг сонгоё гэдэг санал дэвшүүлнэ.

 

1072 хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийг хамгаалах холбооны удирдах зөвлөлд хуулийн, санхүүгийн, хөрөнгийн зах зээл, уул уурхайн салбарын 9-10 залуу байдаг. Бид ярилцаж байгаад өнөөдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах 2019 оны төсвийн харьцуулсан судалгаа хийлээ. Эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж шүүмж авсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар үүнийг өргөн барина.

 

Манай Монголын өрсөлдөгч Австрали улсад БНХАУ коксжих нүүрсийг нь авахгүй байх хориг тавьсан байна. Энэ хориг энэ оны наймдугаар сар хүртэл үргэлжилж магадгүй байна. Үүнээс үүдэн нүүрсний нийлүүлэлтийн хомсдол үүсээд Монголын нүүрс моодонд орж үнэ өсч байна. Энэ боломжийг ЭТТ ашиглахыг хүсэхгүй байна. Харин ч нүүрсний үнээ унагаж байгаа нь залилангийн шинжтэй үйлдэл гэж харж байна. Өөрөөр хэлбэл ногдол ашгийг иргэдэд ахиухан өгүүлэхгүй байхын төлөө нүүрсээ хямдхан зарах төлөвлөгөг батлаад сууж байгаа ТУЗ ёс зүйн хувьд хариуцлага хүлээж огцрох хангалттай үндэслэл гэж харж байна. Тийм учраас бид орлогоо нууж, зарлагаа хэт үрэлгэн баталсан байдлыг засаад зөв горимонд оруулж тооцоо хийж иргэддээ ногдол ашгаар хувиарлах хэмжээний тооцоо гаргасан. Үүнийгээ өнөөдөр хувьцаа эзэмшигчдийн хуралд албан ёсоор өргөн барина.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ээ мэдэхгүй , маниусыгааа хуурч хулхидаад л хоосон үлдээх байлгүй дээ. улсын нэрээр хөрөнгө барьдаг эрх мэдэлтэй хүмүүс ийм л байна шүү дээ, зөвхөн хар амиа бодохоос биш ард түмнийг, улс орноо гэж боддог албан тушаалтангууд байдаг юм уу ?????????????????????? итгэх итгэл даанч үлдсэнгүй дээ, fuck :((
2019-04-30
kub:
khudlaa khutgan uimuulegchid ikh baikh yum. uursduu udirdaad bolno gej bodood baikh yum. shuumj kheleed suuj baikhad khen ch chadna ... kharin ch ashigtai ajilluulaad neelttei bolgood baikh shig sanagdaad baigaa yum
2019-04-30
үнэн үг:
Ард түмэнд сайн хүн болох гэж сонгуулийн шоу хийгээд өөрсдийн толгой дээр лай хураах юм даа. Ард түмэн хувьцаа эзэмшүүлээч гэж анх санаачлаагүй шүү дээ. Нэгэнт ард түмэн хувьцаа эзэмшигч байхаар хууль эрх зүйгээр баталгаажсан бол хувьцааны ноогдол ашигаа хүртэнэ гэдэг нь зөв. Гэхдээ ард түмнийг зүгээр бэлэн тэжээгээд байж болохгүй.Тэд өөрсдөө хөдөлмөр зүтгэлээрээ улс орноо өөд нь татах үүрэгтэй. Ард түмэнд хуваарилах ёстой ноогдол ашгийг компани өгнө өгөхгүй гэх эрхгүй, мэдэж зарцуулах эрхгүй харин үндэсний нийтлэг эрх ашигтай холбоотой,ард түмэн бүгд үр шимийг хүртэх бүтээн байгуулалтад ашиглах хуримтлалын санд хуримтлуулж өсгөн аривжуулах тусгай хууль эрх зүй бий болгон зарцуулах хэрэгтэй. Энэ санг Засаг төрч мэдэж зарцуулах эрхгүйгээр хуульчлах саналтай байна.
2019-04-30