Тайландын шинэ цагийн ЭЗЭН ХААН
2019-05-05

 

Тайланд эзэн хаан Пхумипон Адульядет 2016 оны зургаадугаар сард 89 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

 

Эзэн хаан таалал төгсөхөөсөө өмнө угсаа залгамжлагч ханхүү Маха Вачиралонгкорнд эрх мэдлээ шилжүүлэн өгөхөө мэдэгдэж, олон жилийн турш төрийн үйл хэрэгт бэлтгэсэн аж. Түүнийг эзэн хаан 1972 онд угсаа залгамжлагчаараа тодруулжээ. 

 

Пхумипон Адульядет 70 жил хаан ширээнд суусан ба дэлхийн түүхэн дэх хамгийн удаан хугацаанд хаан ширээнд заларсан анхны эзэн хаан юм. 

 

Угсаа залгамжлагч ханхүү өнгөрсөн хугацаанд ард түмнийхээ шүтээн гэгддэг эцгийнхээ үйл хэргийг үргэлжүүлсээр байна.

 

Тэрбээр өнөөдөр албан ёсоор хаан сэнтийд заларч буй талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Маха Вачиралонгкорныг хаан ширээнд залрах ёслол яг одоо Тайландын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдаж байна. 

 

Хаан сэнтийд залах ёслолын үеэр 66 настай Маха Вачиралонгкорн 7.3 кг жинтэй алтан титмийг зүүжээ. Тэрбээр мөн дараагийн эзэн хаанд шилжүүлэн өгдөг таван эрдэнийг гардан авчээ. 

 

Тайланд парламентын засаглалтай боловч эзэн хаан томоохон шийдвэр гаргах эрх мэдэлтэй гэнэ. Мөн эзэн хаан болон гэр бүлийг нь ямар ч нөхцөлд доромжлох зэрэг хатуу хориотой юм. Сүүлийн арван жилийн хугацаанд эзэн хааны гэр бүлийг доромжилсон гэх хэргээр олон зуун хүн ял сонсчээ.

 

2014 онд армийнхан төрийн эргэлт хийж, Тайландын бүх эрх мэдлийг гартаа авсан ч армийхан эзэн хааны эрх мэдлийг хязгаарлахгүй, төрийн томоохон чухал шийдвэрт оролцохыг зөвшөөрсөн юм. 

 

Партизануудтай байлдаж явсан ХАНХҮҮ 

 

 

Хаан ширээнд залраад буй эзэн хаан Маха Вачиралонгкорн Батлан хамгаалах салбарыг ихэд сонирхдог ба цэргийн нисгэгч юм.

 

Тэрбээр Тайландын коммунист босогчдын эсрэг нутгийн хойд хэсэгт тулалдаж явсан гавъяатай нэгэн. Кампучийн хилийн ойролцоо партизануудад агаараас цохилт өгч, армийнханд ялалт байгуулагдахад томоохон үүрэг гүйцэтгэсэн гэнэ. 

 

Тогтворгүй амьдралтай ЭЗЭН ХААН

 

 

Эзэн хаан Маха Вачиралонгкорн нийт дөрвөн удаа хуримаа хийсэн юм. Эх сурвалжууд "түүнийг маш олон амрагтай, олны танил бүсгүйчүүдтэй дотно харилцаатай байсан" хэмээн шуугидаг ч хааны ордныхон уг яриаг газар авахаас нь өмнө хумхисан гэдэг. 

 

Маха Вачиралонгкорн хаан ширээнд залрахаасаа гурван өдрийн өмнө дөрөв дэх удаагаа хуримаа хийжээ.

 

Тэрбээр торгон цэргийн ангийн дэд командлагч Сутхида гэгчтэй гэр бүл болжээ. Тэднийг мөн олон жилийн өмнөнөөс хайрын холбоотой байсан хэмээн шуугидаг. 

 

Учир нь Сутхида 2014 оныг хүртэл иргэний агаарын тэвэрийн "Thai Airways" компанийн онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан ба нэг л өглөө эзэн хааны торгон цэргийн дэд командлагч болжээ. 

 

Өдгөө 40 настай Сутхида өнөөгийн эзэн хааныг угсаа залгамжлагч ханхүү байхаас нь дотно харилцаатай, олон жил нууц амраг нь байсан гэх шуум бий. 

 

Эзэн хаан 1977, 1994, 2001 онуудад гурван удаа гэрлэж байжээ. Тэрбээр эхний гурван гэрлэлтээсээ нийт хоёр охин, таван хүүгийн эцэг ч гурав дахь хатнаасаа төрсөн ханхүүгээ угсаа залгамжлагчаараа тодруулсан түүхтэй. 

 

Эзэн хааны эрүүл мэнд сайн уу эсвэл ... 

 

 

Хаан ширээнд албан ёсоор залраад буй Маха Вачиралонгкорны эрүүл мэндтэй холбоотой дуулиан хэвлэлээс салдаггүй.

 

Америкийн төрийн нууцын зэрэглэлтэй материалыг дэлгэж, багагүй шуугиан тариад амжсан WikiLeaks сайт 2001 онд түүнийг бэлгийн замын халдварт өвчин туссан хэмээн мэдээлж, тайландчуудыг сандаргасан юм.

 

Уг мэдээллийг албаныхан эрс үгүйсгэж, ханхүү эрүүл, ямар ч асуудал байхгүй гэж мэдэгдэж байлаа.

 

Тус сайт мөн 2004 онд ханхүүг элэгний С вирустай, элэгний хорт хавдартай учир байнга шахуу цусаа сэлбүүлдэг гэж байжээ. Гэхдээ албанхын өнөөг хүртэл хааны гэр бүлтэй холбоотой эрүүл мэндийн тайланг нууцалсаар ирсэн билээ. 

 

Баруунд өндөр боловсрол эзэмшсэн ЭЗЭН ХААН 

 

 

Эзэн хаан Их Британи, Канад болон Автстрали улсад дээд боловсрол эзэмшсэн, англи болон хэд хэдэн гадаад хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн тун ухаалаг нэгэн гэнэ. 

 

Тэрбээр Канадын  "Royal Military College"-ийг төгссөн ба нутаг буцсаныхаа дараа Тайландын нисэх хүчнийг илүү чадваржуулах үүрэг өгчээ. 

 

 

Эгчдээ дургүй ЭЗЭН ХААН 

 

 

Тайландын эзэн хааны эгч, гүнж Уболратана Махидол сонгуульд нэр дэвшиж, Ерөнхий сайд болохыг санаархсан билээ.

 

Түүнийг сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэх үед эзэн хаан ихэд хилэгнэж "Төрийн үйл хэргээс савраа тат" хэмээжээ.

 

Ийнхүү гүнж сонгуульд нэр дэвшиж буй нь олон зуун жилийн түүхтэй Тайландын эзэн хааны гэр бүлийн уламжлалыг эвдэлсэн томоохон алхам болжээ.  Гүнж 1972 онд Америк залуутай гэрлэхийн тулд гүнжийн хэргэмээсээ татгалзсан түүхтэй. Тэрбээр хэдэн жилийн өмнө нөхрөөсөө салж, улмаар эх нутагтаа иржээ. Түүний хоёр хүүхэд АНУ-д амьдардаг. 

 

 Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ухаантай мундаг стиль сайтай дажгүй хаан шүү ямар ч л гэсэн хаандаа мөлхөж газар налж унаад байгаа зарц шивэгчдээ хэрэггүй бос бос гээд хэлчихэж л байна лээ эртээр
2019-05-06