Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томиллоо
2019-05-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулга хийв. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ЖДҮХС-гийн хөнгөлттэй нөхцөлтай зээл авсан асуудалтай нь холбогдуулан УИХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаар тогтоолоор албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь  түдгэлзүүлсэнтэй холбогдуулан Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамаарах аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу хэрэгжихгүй, хууль зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа учир төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах зайлшгүй шаардлага бий болоод байгаа.  

 

АТГ-аас Д.Хүрэлбаатарын хөнгөлөлттэй зээл авсан асуудлыг мөрдөн шалгаж байгаагаа албан бичгээр мэдэгдсэн байна. Түүнчлэн Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэнтэй холбогдуулан аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу хэрэгжихгүй, хууль зөрчигдөх нөхцөл байдал бий болоод байгаа талаар Үндэсний аудитын газраас мөн албан бичиг ирүүлсэнийг УИХ-ын дарга дурдаад Д.Хүрэлбаатарт ёс зүйн хариуцлага хүлээлгэж Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналтай байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуульд заасныг үндэслэн Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналаа мөн танилцуулсан юм.  

 

Нэр дэвшигч Д.Занданбат 1967 онд төрсөн, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Монгол Улсын Эрдмийн их сургуулийг төрийн захиргааны менежментийн мэргэжлээр төгссөн, Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй аж.

 

Тэрбээр, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Ингээд санал хураалт явуулж, Ерөнхий аудитораар Д.Хүрэлбаатарыг чөлөөлж, Д.Занданбатыг томилохыг дэмжив. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Маш зөв хүнээ сонголоо.
2019-05-10