Б.Баттөмөр: Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төрийн бодлого хэрэгтэй
2019-05-29

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дараагаар нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

 

-Энэ хуулийн төслийг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчийг сайжруулах зорилготой. Хөрөнгө оруулалтуудыг дэмжих хэрэгтэй. Хуулиар нь цэгцлэхгүй бол нэг мэргэжилтэн зөвшөөрөл зараад явж болохгүй. Зөвшөөрлийг нь цэгцлэх шаардлагатай. Хууль гарсан учраас хэрэгжээд явна. 

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-Экспортлох бусад горимын тохируулга, бусад ажлуудаа хийж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих чиглэлийг барих хэрэгтэй. Түүнээс бус хязгаарлаж болохгүй. 

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

 

-Гаднын хөрөнгө оруулагчдыг дуудчихаад ирэхээр нь зөвшөөрөл өгөхгүй тал байна. Сайншандад баригдсан нарны 30мВт-ын зөвшөөрөл одоог хүртэл өгөөгүй. Хөрөнгө оруулагчид гомдолтой байна. Үүнийг яаж шийдэх вэ. Дорноговьд төр, хувийн хэвшлийн олон компани бүтээн байгуулалт хийх гээд цахилгааны зөвшөөрөл хүсэхээр хүчин чадал хүрэхгүй байна гэдэг. Үүнийг цаашид яаж шийдэх вэ?

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

 

-Ямар нэг үйлдвэрлэл явуулахад эрчим хүчний асуудал тулгардаг. 2020 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлд олон эрчим хүчний өргөтгөл хийхээр тусгасан байгаа. Сэргээгдэх эрчим хүчээр 38 компанид зөвшөөрөл олгосноос 8 нь ажиллаж байгаа. Сэргээгдэх эрчим  хүчийг дэмжих төрийн бодлого хэрэгтэй. Манайх бизнесийн бодлогоор явж ирсэн. Өнөөдөр жилд 60 тэрбум төгрөгийн татаас өгч байна. Шинээр станц  байгуулагдахаар 50 тэрбум төгрөгийн татаас өгнө. 110 тэрбум төгрөг бага мөнгө биш. 

 

Ийнхүү Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин